АН-ын өчигдөр болсон ҮЗХ-ны хуралтай холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өчигдөр АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан болж хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн шийдвэрээ гаргалаа. Хоёрдугаарт, АН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталлаа. Энэ хоёр асуудлыг хэлэлцэж, хамтарсан шийдвэр гаргалаа.
АН энэ удаагийн сонгуульд "Монгол хүн 2020" гэсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн оролцоно. Хийсэн зүйлүүдээ бид дүгнэж цэгнэлээ. Цаашид ямар зүйлээр баяжуулах уу гэдгээ хэлэлцэж баталлаа.
АН УИХ-ын сонгуульд оролцохдоо аль нэг улс төрийн нам, хүчинтэй хамтарсан эвсэл байгуулж оролцохгүй дангаараа оролцоно гэдгээ илэрхийллээ.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танай нам ИЗНН, МҮАН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Тэгэхээр энэ асуудал одоо яригдахгүй гэсэн үг үү?
Сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 29-ний дотор СЕХ-нд албан ёсоор бүртгүүлэх ёстой. Энэ хүртэлх хугацаанд нэгдэх тал дээр зарим боломж нээлттэй байгаа. Бид аливаа улс төрийн намтай эвсэж орохгүй нь тодорхой болсон. Харин манай намд өөр нам нийлэх нэгдэх асуудалд тодорхой хугацаа байна гэж болно.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц хэдэн хувьтай байсан бэ. Х.Баттулга гишүүн хуралдаа суусан уу. Намаас гарах гишүүд бий юу?
-Өчигдрийн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын ирц 63 хувьтай байсан. Х.Баттулга гишүүн хуралдаанд оролцоогүй. Ирц 63 хувьтай байсан нь орон нутаг, нийслэлийн АН-ынхан өчигдөр бас хурлаа хийсэнтэй холбоотой. ҮЗХ-ны хурал хаагаагүй. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ойр ойрхон хуралдах байх.
-Сонгуулийн хуулийг өөрчилж жагсаалтын 28-ыг хасах асуудал дээр АН, МАН хоёр тохиролцсон гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах уу?
-Энэ асуудал бараг л яригдахгүй болов уу. АН одоогоор Сонгуулийн хуулийг өөрчилье гэсэн нэгдмэл байр сууринд хүрээгүй байна.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэзээ дахин үргэлжлэх вэ?
– Өчигдөр хурлаа хаагаагүй. Ойрын хугацаанд ҮЗХ-ны хурал дахин хуралдана. Өнөөдөр ч товлогдож магадгүй.
-Мөрийн хөтөлбөрт ямар зүйл тусгасан бол?
-Манай нам барууны чиглэлтэй нам. Эдийн засгаа тэлнэ гэдэг ард түмний амьдралыг сайжруулах талын бодлого тусгасан. Мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт хүргүүлнэ. Тэр хүртэл мөрийн хөтөлбөрт туссан асуудлыг ярих боломжгүй.
-МАН, МАХН-ын эвслийн тухайд ямар байр суурьтай байна вэ?
-Бусад улс төрийн хүчнүүд эвсэх асуудалд бид байр суурь илэрхийлэхгүй. Миний хувьд МАН, МАХН хоёр битгий эвсээсэй, нийлээсэй гэж бодож байгаа. Энэ хоёр нам нийлвэл Монгол Улсад хэрэгтэй. Монголд байгаа улс төрийн хүчнүүд төдий чинээ төлөвшинө. Тэр хэмжээгээр Монгол Улсад хэрэгтэй юм. Бид эвсэж үзсэн. 1996 онд Ардчилсан холбоо эвсэл байгуулаад Засгийн газар дөрвөн удаа огцорч байсан. Үүнд эвсэл маш их нөлөөлсөн. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулаад Засгийн газар унасан. Дараагаар нь М.Энхболд Үндэсний их эвсэл гэж байгуулсан. Тэр нь бас унасан байдаг юм. Эвслүүд унадаг. Энэ нь эргээд улс орны тусгаар тогнтол, хөгжилд ноцтой үр дагавар үүсгэдэг. Эвсэхийн зовлонг бид хангалттай амссан. Тиймээс АН-тай эвсэх улс төрийн хүчнүүд байна. Тиймээс бид эвсэхгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Тусгаар тогтнолын нам байгуулагдсан. Үүний цаана Х.Баттулга гишүүн байгаа гэсэн. Энэ талаар?
-Манай нэг гишүүн нам байгуулаад гарахад би хувьдаа ерөөсөө гайхахгүй. Хүмүүс гарч л байдаг, орж л байдаг. Том нам явдгаараа явна. Нэг хоёр хүнээс асуудал шалтгаалахгүй.
Т.ДАВАА