Бууны ноход ажлаа хийх байлгүй

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Бууны ноход ажлаа хийх байлгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга хийлээ.

-УИХ Өршөөлийн хууль баталсан атлаа одоо дахин ялтай байгаа хүмүүсийн ялынх нь хугацааг байхгүй болгох төсөл санаачилан хэлэлцэж байна гэх. Санаачлагч нь хэн юм бэ. Ийм төсөл баталж гаргах шаардлага нь яг юу юм бэ?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр Цагаатгалын ажлыг зохион байгуулах комисс ажиллаж байгаа. УИХ-аас томилсон комисс юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахлаад бүрэлдэхүүнд нь Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл, би гээд хэд, хэдэн гишүүн багтсан байдаг.

УИХ-аар Өршөөлийн хуулийг батлахдаа 78 гэсэн зүйлийг өршөөлд багтаасан. Аливаа гэмт хэрэг хийсэн бол тодорхой хугацаанд тухайн хүнийг ял шийтгэлтэйд тооцно. Энэ хугацаанд гэмт хэрэг хийх юм бол давтан гэмт хэрэгт хийснээр үзэж, ялыг хүндрүүлэх нөхцөл болно гэсэн ойлголт байдаг. Гэхдээ УИХ-аас Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа “Тухайн хэрэгтээ ял авсан бол тэр хэрэгт нь ял өгнө. Өмнө нь хэрэг хийж байсан учраас хүндрүүлэх юм уу, хөнгөрүүлэх тийм ойлголт байхгүй” гэж үзсэн. Хоёрдугаарт, Өршөөлийн хуулин дээр тодорхой хэргүүдийг өршөөхгүй байя, тодорхой хэргүүдийг өршөөе гэж үзсэн. Гэтэл өршөөхгүй байя гэдэг заалтаар тодорхой иргэн ял шийтгэлгүй байгаа мөртлөө тодорхой асуудалд орох гэхээр өмнө нь ял шийтгэлтэй байсан юм шиг авч үзээд байгаа.

78 бол бүх заалтад хамаарна. Өөрөөр хэлэх юм бол тодорхой хэрэг өршөөгдөхгүй гэх заалтад байсан ч г ял шийтгэлтэйд тооцох тухай нэмэгдэл ойлголтыг хуулиар өршөөчихсөн байсныг тодруулж өгөөд, Хууль зүйн байнгын хороо хууль хэрэгжүүлэлтийг хангах гэдэг үүднээс дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар тогтоол санаачлан гаргаж болно гэсэн заалтын дагуу энэ тогтоол нь байнгын хорооноос санаачлагдаж дэмжигдээд явж байгаа.

-Энэ заалтаар Н.Энхбаяр даргын ялтай байгаа хугацаа нь дуусах юм биш үү. Түүнд зориулж УИХ хууль батлах нь гээд шуугиад байна л даа?

– Өршөөлийн хуульд 78 гэсэн заалтыг өршөөлд хамруулсан бөгөөд энэ заалтыг хэрэглэхгүй гээд тавьчихсан. Хэрэглэхгүй гээд байхад хэрэглэх ёстой юм шиг нөгөө талаас тэр дундаа Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас тийм тайлбар хийсэн нь буруу гэж үзэж байгаа. АТГ бол ял шийтгэлтэй, ял шийтгэлгүйн тухай мэдээлэл өгөхгүй. Хоёрдугаарт, хууль тайлбарлах эрхгүй. Хуулийг УИХ, Улсын Дээд Шүүх тайлбарладаг. Тийм учраас УИХ нэг ёсондоо зөрүүтэй ойлголтыг дэлгэрүүлж тайлбарлая гэсэн ойлголтоор тайлбар нь оруулж өгч байгаа юм. Нэг ёсны 78 дугаар заалтыг хэрхэн хэрэглэх вэ гэсэн тодруулга л юм.

-Энэ заалтаар хэчнээн хүний ялтай байгаа хугацаа нь дуусаж ялгүй болох юм?

-2000 гаруй хүн Өршөөлийн хуульд хамрагдсан. Тэд бүгдээрээ орно л гэж ойлгох хэрэгтэй. Хуулийг нэг мөр ойлгох ёстой.

-Тэгээд яагаад зөрүүтэй ойлголт бий болчихоод байгаа юм?

-Улсын Дээд Шүүхэд Эрүүгийн танхим, Захиргааны танхим, Иргэний танхим гэдэг тусдаа танхим бий болсноос нэгдсэн хуралдаан хийгээгүй, хууль тайлбарлах бололцоо нь бага болсон юм билээ. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тайлбарыг Эрүүгийн танхим хийх үү, эсвэл Захиргаа, Иргэнтэйгээ нийлээд тайлбарлах уу гэдэг ойлгомжгүй байгаа. Тийм учраас УИХ өөрөө комисст  үндсэн чиглэл өгч, үйл ажиллагааг нь тодорхой болгох зорилгоор УИХ-ын тогтоол санаачлаад явж байгаа.

-УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих боломж бол бий байх аа?

-УИХ-ын аливаа тогтоолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж болно. Бид бол батлагдсан хуулийг хэрхэн ойлгох вэ гэдгийг нэг мөр ойлгох тайлбар гаргаж байгаа болохоос шинэ хууль батлах гэж байгаа биш. Маш ойлгомжгүй зүйлийг ойлгомжтой болгож байгаа. Жишээ нь танхайн хэргийн 2 жилийн ялыг хаслаа давтан хэрэгт холбогдлоо гэхэд Өршөөлийн хуулийг хэрэглэх ёстой байсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр шинэ хуульд бүх хэрэг анх удаагаа байх ёстой гэдэг зарчим яваад шийдчихсэн юм шүү дээ. Үүнд л нийцүүлж байна.

-МАХН-ын Бага чуулган өнөөдөр болж байна, гол хэлэлцэх асуудал нь МАН-тай эвсэх асуудал. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би өөрөө МАН, МАХН-аас байгуулагдсан ажлын хэсгийн нэг гишүүн нь. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд арван удаа хуралдсан. Хамгийн сүүлд хоёр ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурахад санал онолоо хэлсэн. Эвсэх асуудал хоёр намын даргаас хамааралтай юм биш. Нэгдүгэрэт, улс орны эрх ашиг, хоёрдугаарт ахмад гишүүдийн зүгээс санал тавьсан учраас энэ асуудал явж байгаа. Эвсээсэй гэдэг сонирхол нь удирдлагын төвшинд маргаантай байгаа. Эвсэхгүй байгаасай гэдэг хандлага нь өндөр байгаа. Хурлаар яаж шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Хувь хүнийхээ хувьд би нэг дэмжигчтэй, нэг зорилготой, нэг бодлоготой, нэг түүхтэй нам эвсэх ёстой гэж үзэж байгаа.

Хоорондоо хэрэлдээд байвал болно. Ард түмэн нэг л юм хүсэж байгаа, ядуу ч гэсэн тайван амьдрахыг хүсэж байгаа. Хүн болгон айдастай амьдарч байна шүү дээ. Тийм учраас хоёр нам нийт гишүүдээ сонсох ёстой. Гишүүдээ сонсдог нам бол эвсэх асуудал дэмжигдэнэ, гишүүдээ сонсдоггүй нам бол эвсэхийг дэмжихгүй.

-75х25 харьцааг та дэмжиж байгаа юу. МАХН-ын гишүүд нэгдэх асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Хувираа бол 35, 65 юм, хүнээрээ бол 25, 51 хүн гэсэн үг. 25 хүн гэдэг 35 хувь гэсэн үг л дээ. Ер нь хоёр нам эвлээд нэгдээд улс орныхоо төлөө явахад буруу юм байхгүй ч, өнөөдөр эвсэнэ гэж хэлж чадахгүй. Ардчилсан нам эвсүүлэхгүй ч  юм шиг байна билээ. Хөөрхөн төрөхөд хэцүү юм даа гэдэг шиг эвсүүлэхгүйн төлөө бүхий л аргаа хэрэглэж байгаа юм билээ.

Эвлэрэл хэнд хэрэггүй, хэнд хэрэгтэй вэ. Тэгэхээр манай намд ч, Ардын намд ч, Ардчилсан намд ч бууны ноход бий. Тэд нар ажлаа сайн хийх байлгүй дээ. Миний хувьд Эвсэнэ гэхээсээ эвсэхгүй байх гэдэг дээр нь илүү харж байгаа. Шаардлага бол эвсэх ёстой.

-Эвсэл хоёр намын хамтарсан мөрийн хөтөлбөр аудитад очих ёстой болж таарна биз?

-Хуулиар бол дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө улс төрийн намууд сонгуульд эвсэж орох юм уу, дангаараа орох юм уу гэдгээ Аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулаад Сонгуульд оролцоно гэдгээ зарлах ёстой. Гэвч Аудитын байгууллага нь хуульд байхгүй нөхцөл тавьснаас болоод мөрийн хөтөлбөрөө 20-ны дотор өг, тэгэхгүй бол хүчингүйд тооцно гэснээс болж бүх нам яаран сандран асуудлаа хэлэлцэж байна шүү дээ.

Хам хум л юм шууруулж байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж