Хуучирсан мэдээ: 2011.07.02-нд нийтлэгдсэн

Чайковский уралдааны шилдэг эрэгтэй дөрвөн дуучны
хоёрт нь манай театрын залуухан дуучид шалгарчихаад байгааг дуулаад ноён
Деннис Жиокю тун их гайхсан билээ. Энэ хүн дэлхийд алдартай
Метрополитан театрын дуучидтай ажилладаг дасгалжуулагч багш. Алдарт
Плачидо Домингогийн залуу дуучдыг бэлтгэдэг хүн. Өчигдөр тэр ДБЭТ-т ирж,
Монголын театртай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан. Ганц
оройн тоглолт төдийд биш нэлээд даацтай томхон төсөл дээр ажиллах
бодолтой байгаа гэнэ. Найруулагч, удирдаач гээд бүтэн багтайгаа ирж
Метрополитан театрын иж бүрэн системийг бүхэлд нь харуулах хүсэлтэй аж.

-Танай театр яг ямархуу маягаар хамтарч ажиллах хүсэлтэй байна?

-Таныг манай дуучидтай ажиллаасай гэж хүсэж байна.
Домингогийн дуучдыг бэлтгэдэг таны туршлага чадвар манай дуучдын хувьд
үнэтэй хичээл байх болно.

-Өөр?

-Танд ямар санаа байна?

-Би нэлээд нухацтай, даацтай төсөл дээр ажилламаар байна. Өөрийн багаа авчраад танай дуучидтай хамт шинэ дуурь тавьдаг ч юм уу.

-Болж байна. Гэхдээ та долдугаар сарын
15-наас өмнө бидэнд саналаа ирүүлээрэй. Бид ирэх үзвэрийн жилийн
хуваариа долдугаар сарын 15-нд батална. Нэгэнт баталчихвал өөрчлөх
аргагүй.

-Тэгье. Би бодъё. Гол нь би есдүгээр сараас тавдугаар
сарын дунд хүртэл Метрополитандаа ажиллах хуваарьтай. Энэ үеэр хаашаа ч
явах боломжгүй.

-Тэгвэл та тавдугаар сарын дундуур манай театрт ирээд нэг сар ажиллаж болно шүү дээ.

-Тийм байна. Нью-Ингланд хөгжмийн сургуулийн зөвлөх Марк Черчиль танай театрыг тун их магтсан.

-Марк манайд болсон олон улсын балетийн наадамд оролцож, “Хунт нуур”-ыг дохисон юм.

-Надад харамсалтай нь танай тоглолтыг амьдаар нь үзэх
завшаан тохиосонгүй. Би хоёр, гуравхан цагийн дараа Орос руу явах гэж
байгаа. Надад ямар нэг тоглолтын бичлэг өгч болох уу?

-Танд “Аида” дуурийн бичлэгийг өгье. Бидний хамгийн сүүлд тавьсан шинэ уран бүтээл. Гранд опера.

-Ямар сайхан юм бэ. Баярлалаа.

Театрын захирал Б.Сэргэлэн, Метрополитаны эрхэм
хоёрын хооронд ийм яриа өрнөсний дараа холын зочин театртай танилцахыг
хүслээ. Түүний хамгийн ихээр хүссэн зүйл бол найрал хөгжмийн тоглохыг
хэсэгхэн ч атугай сонсох байлаа. Хагжмийн танхимд түүнийг ирэхэд АНУ-ын
Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кэй улс тунхагласны баяраар
хөшгөө нээх “Тэнгэрийн ташуур” буюу Атилла хааны тухай балетийн хөгжим
дээр найрал хөгжимчидтэй ажиллаж байв. Өмнө нь Америкт ганц нэг удаа
уулзалдаж байсан хуучны танилууд Монголын театрт мэнд мэдэн гар барьлаа.
Профессор Жин Дон ДБЭТ-ын урилгаар шинэ уран бүтээл дээр тусгайлан
ажиллахаар ирсэн. Түүнийхээ хажуугаар амжуулаад энэ сарын 3-нд тоглох
“Хунт нуур” балетийг дохино. Театрын үзвэрийн жилийн хөшгийг хаах “Хунт
нуур” америк удирдаачтай, Алтанхуяг ханхүүтэй байх нь. Дэлхийн шилдэг
найман балетчиний нэг хэрхэн цагаахан хунтай бүжиглэхийг харах
алдмааргүй ховорхон боломж.

Хөгжимчдийн өрөөнөөс гараад тэр тайзан дээр гарч
зогсоод үзэгчдийн танхим руу хором хэртэй ширтсэнээ, хуруугаа инчдэн
дуугаргаж нэг үзэв. Харин дараа нь “Ямар амьд театр вэ?” хэмээн дуу
алдав. Метрополитаны шошго бүхий монгол бүтээлийг энэ тайзнаа амилуулах
хүсэл нь улам ч дэврэх шиг.

Өнөөдөр бид Чайковскийн уралдаанаас монгол дуучин
мөнгөн медаль хүртсэн тухай сэтгэл баясгасан мэдээгээр амьсгалж байна.
Э.Амартүвшин хэмээх энэ залууг өнгөрсөн сард Буриадад болсон тэмцээнд
ороход нь өдгөө сонгодог ертөнцийн од болоод байгаа Анна Нетребкогийн
багш, профессор эмэгтэй дэлхийн хэмжээний дуучин, шинэ цагийн дуурийн од
мөн байна гэж үнэлсэн. Транс Сибирийн галт тэргэнд суугаад хоббидоо
хөтлөгдөн холын аялалдаа гарсан Деннис Жиокю ирэх тавдугаар сарын
дундуур эхлэх том төслийнхөө тухай яг одоо бодож яваа. Харин Стэнфордоос
ирсэн удирдаачид манай “Ламбугайн нулимс” дуурийн тавилтыг цоо шинээр
өөрчлөн өөрөө дохих уран бүтээлч хүний аазгай хөдөлгөсөн санаа төрөөд
байгаа гэсэн. Ирэх арваннэгдүгээр сард болох олон улсын дурийн
дуулаачдын уралдаанд дуучдаа илгээх урилга театрт өчигдөр ирсэн. Эхний
шатны шалгаруулалт нь дэлхийн бүх дуучны мөрөөдөл болсон Ла Скала,
Лондоны Рояль театр, Парисын төв театр, Метрополитанын тайзнаа болох том
тэмцээн. Магадгүй тэндээс дэлхийн энг түүчээлэх бас нэгэн мэдээ
сонсогдох биз ээ.

Б.ЦАЦРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж