Нөөцийн мах “гацаанд” оржээ

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах “гацаанд” оржээ

-Одоогийн байдлаар нийтдээ 26 аж ахуйн нэгж нөөцийн мах зах зээлд нийлүүлэх боломжтой нь сонгон шалгаруулалтаар тогтоогдсон. Харин тэдэнд махаа түгээх, борлуулахад хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байгаа-

Мах магнаг болжээ. Улсын бүртгэл статистикийн газраас гаргасан мэдээгээр дөрөвдүгээр  сарын 13-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 18.8 хувь, үхрийн ястай махны үнэ 13.8 хувь, үхрийн цул махны үнэ 13.5 хувь, адууны ястай махны үнэ 15.6 хувь, ямааны ястай махны үнэ 8.5 хувиар тус тус өсөөд байна. Харин өмнөх долоо хоногийнхоос махны үнэ 2.5-3.5 хувиар  өссөөр хамгийн үнэтэйд тооцогддог  үхрийн гуяны цул мах бараг л 10 мянгад дөхөөд байна. Хүнсний зах, худалдааны төвүүдэд үхрийн гуяны шулааг 9800-9850 төгргөгөөр арилжаалж буй нь худалдан авагч нарын нүдийг  хуурсан хөнгөлөлт болохоос үнэндээ бол үхрийн мах 10 мянгад хүрчихлээ.  Хонины ястай мах 7500-7800 төгрөг, адууны мах  6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгт хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хувьд оргил үнэ байж мэднэ. Харин энэ хаврын үнийн дээд хязгаар яавч биш. Учир нь махны үнэ өшөө ч өснө. Муу амлаж байгаа юм биш шүү. Онд өнтэй орсон малаа эхнээс нядалж зарж байгаа ч хаврын тарга суутал дахин мал нядлахгүйгээ малчид сайн мэднэ. Тэгэхээр ирэх зургадугаар сарын дунд үе хүртэл шинэ мах худалдаанд гарах боломжгүй.

Тэгвэл жилийн жилд элдэв шүүмжлэл, сайн муу мэдээлэл дагуулдаг нөөцийн мах хаачив. Энэ жил мах нөөцөлсөн үү, нөөцөлсөн бол хэзээнээс худалдаанд гарах вэ гэсэн асуултын хариуг Хүнс, хөдөө аж ахуйн яамны  мэргэжилтнүүд  дараах байдлаар өгч байна.

-Энэ жилийн хувьд аж ахуйн нэгжүүдэд нөөцөлсөн мах хангалттай бий. Одоогийн байдлаар нийтдээ 26 аж ахуйн нэгж нөөцийн мах зах зээлд нийлүүлэх боломжтой нь сонгон шалгаруулалтаар тогтоогдсон. Харин тэдэнд махаа түгээх, борлуулахад хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байгаа. Тиймээс бид дээрх компаниудад зээл олгох хүсэлтийг Хөгжлийн банкинд дамжуулсан. Хөгжлийн банк зээлээ арилжааны банкуудаар дамжуулах боломжтой гэж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авах нөхцөл бүрдэхгүй гацаанд орчихоод байна гэсэн хариу өглөө.

Урьд жилүүдэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нөөцийн мах бэлтгэж байсан. Тэрхүү хөтөлбөр 2015 онд  зогссоноос  шатахуун, мах, гурилын үйлдвэрлэл эрхлэгчид санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй гацчихсан нь энэ бололтой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зээлийн хүү маш хямд, дээр зээл олгох нөхцөл нь арилжааны банктай харьцуулшгүй хөнгөн. Тэр үед мах ч хямд, аж ахуйн нэгжүүд ч ашигтай байсан. Ёстой л нөгөө “Чоно цатгалан, хонь бүрэн” гэдэг шиг л байжээ. Гэхдээ жамаараа тогтоох учиртай үнийг албаар хязгаарлаж, хувийн бизнест хувьсгалын мөнгийг бага өртгөөр зарцуулж байсны гор энэ хавар гарч мэдэх нь. Ядаж байхад эдийн засаг элгээрээ хэвтчихсэн энэ эгзэгтэй үед мах, гурилын үнэ өсөөд эхэлбэл эгэл иргэд бүгдээрээ “набор”-оор хооллоход хүрэх юм. Нэр бүхий 26 аж ахуйн нэгжийн нөөцөлсөн махны хэмжээ болоод худалдаанд гарах жижиглэнгийн үнэ ханш хэд байх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч зах зээлийн үнээс арай хямд тогтоож байж л махны үнийг барих нь тодорхой.

Нөгөөтэйгүүр нийслэлчүүд өндөр үнээр мах худалдан авсны үр ашиг нь жилийн дөрвөн улиралд амралтгүй зүтгэдэг малчдад наалддаг бол сэтгэлд өег байхсан. Гэтэл ченж нэртэй хэдхэн хүний халаасанд хамаг ашиг нь ордог төдийгүй тэдгээр иргэд олсон ашгаасаа сард ердөө л 6000 төгрөгийн татвар төлдөг гэхээр шударга бус байгаа биз. Мах худалдаалж буй наймаачдын хувьд магнай нь тэнийж, харин худалдан авагчдын духны  үрчлээ нэмэгдэх болжээ. Мах магнаг боллоо, хэрхэн зохицуулах вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж