– Н.Энхбаярыг хуурч байгаад түүгээр МАН-тай нэгдэхгүй гэдэг шийдвэрийг гаргуулж чадна гэж АН-ын итгэж байжээ. Гэвч Н.Энхбаяр шилний цаанаас “чихэр долоох” хэмжээний улстөрч биш л дээ-
МАН, МАХН нэгдэх вий гэдгээс айсан АН-ынхан “урьдчилан таслан сэргийлэх” арга хэмжээ аваад байсан ч бүтэлгүйтлээ. Өнгөрсөн баасан гарагт АН-ын бүлгийн санаачилгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолыг төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дэмжүүлсэн юм. Үүний хариуд АН-ынхан Н.Энхбаяраар МАН-тай нэгдэхгүй байх шийдвэрийг гаргуулж чадна гэж тооцоолж байсан нь талаар болж, ирэх сонгуульд МАН-МАХН эвсч орохоор боллоо.
Ардчилсан намын зүтгүүлсэн тогтоолыг байнгын хороогоор хэлэлцэх үед МАН-ынхан эсэргүүцэж, хуралд оролцохгүй гэсэн ч гишүүн З.Баянсэлэнгэ “Шударга ёс” эвслийнхнээ хүчээр цуглуулан ирц хүргэж байж тогтоолын төслийг дэмжүүлсэн байна.
МАХН-ын хувьд Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацааг дуусгавар болгож баймааж сонгуулиар намын даргаа жинхэнэ утгаар нь туг болгон босгож чадах учраас АН-ын бүлгийн санаачилгыг гар өргөн дэмжих нь гарцаагүй байсан биз. Харин Н.Энхбаярыг ялгүйд тооцон улстөрд жинхэнэ утгаар амь оруулах гэсэн нь ердөө ганцхан “болзол”-той жүжиг байв. Өөрөөр хэлбэл, ялын хугацааг нь наашлуулж өгснийхөө хариуд “МАН-тай битгий эвсээрэй” гэж л гуйсан хэрэг. Гэвч АН-ын санаснаар үйл явдал өрнөсөнгүй. МАХН уугуул МАН-д эвсэхийг зөвшөөрсөн хариу өгсөн тул өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурал “бид хамтарч оролцоно” гэдэг шийдвэр гарган ил зарлалаа. Улс төрд шалгарсан тоглогч болохоо нотолсон Н.Энхбаяр ардчилагчдыг давж, цаана нь гарахаа эрхбиш мэдэхтэйгээ гэдгийг З.Энхболд даргатай АН тооцоолж чадаагүй гэхэд уг нь итгэмээргүй.
Өнөөдөр МАХН-ын Бага чуулган хуралдана. Үүгээр бас л МАН-тай эвсэнэ гэдгээ батламжлах нь тодорхой боллоо.
Ардчилсан намын хувьд сонгуулийн ялалтыг ойртуулах нэг хүчин зүйл нь МАН ба МАХН-ыг яаж ийгээд эвсүүлэхгүй байх явдал. Үүний тулд тэдний найруулсан “жүжгийн зохиол” гэвэл Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацааг наашлуулж өгөөд хариуд нь Н.Энхбаяр даргатай МАХН-ыг сонгуульд дангаар оролцуулах явдал байв. Тийм ч учраас эхний ээлжинд Хууль зүйн байнгын хороогоор тогтоолын төслийг яаран сандран байж баасан гаригт хүч түрэн хэлэлцэж, дэмжсэн санал дээр гишүүдийг нэгтгэсэн юм. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ тогтоолын төслийг эцэслэн батлахын тулд хамгийн наад тал нь энэ долоо хоногийн пүрэв гарагт болох чуулганы нэгдсэн чуулганыг хүлээх ёстой. Юутай ч эхний ээлжинд байнгын хороогоор тогтоол дэмжигдсэн тул үүгээр Н.Энхбаярыг хуурч байгаад түүгээр МАН-тай нэгдэхгүй гэдэг шийдвэрийг гаргуулж чадна гэж АН-ын итгэж байжээ.
Гэвч Н.Энхбаяр шилний цаанаас “чихэр долоох” хэмжээний улстөрч биш л дээ.
Тэр тусмаа пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөх байнгын хороогоор дэмжүүлсэн тогтоолийн төслөө АН-ын бүлгийнхэн буцаагаад “унагана” гэсэн тооцоо, тохироотой байгааг Н.Энхбаяраас нууж чадна гэж үү. Үнэндээ Ардчилсан намын бүлэг дээр Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацааг наашлуулсан тогтоолын төслийг зөвхөн байнгын хороогоор дэмжээд харин чуулган дээр буцаагаад унагана, энэ хооронд МАХН-ын зүгээс баярлаад МАН-тай эвсэхгүй гэдэг шийдвэр гаргана гэдэг “хор” яригдсаныг эх сурвалж хэлж буй юм.Харин үүнд нь Н.Энхбаяр хууртсангүй, МАН-тай эвсэхээр боллоо. Магадгүй тэрбээр МАН-тай эвсэх шийдвэр гаргахдаа МАН-тай бүүр ашигтай тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэрбээр өөрийг нь ялгүйд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолын төслийг пүрэв гарагийн чуулган дээр “МАН-ын бүлгийн гишүүдээр дэмжүүлнэ” гэсэн тохироог хийсэн байж дөнгөх л улстөрч. Ардчилсан намын бүлгийнхэн “мэхт мэхэндээ” гэгчээр өөрсдөө барьж өгөөд хөл алдаж мэдэхээр болчихлоо гэсэн үг.
Б.ТӨГӨЛДӨР
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"