УИХ-ын гишүүн Г.Уянга Шударга ёс эвслээс гарлаа гэх дуулиан намжаагүй байтал тэрбээр шинэ нам байгуулан даргалж, анхны их хурлаа хийгээд амжив. Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам өчигдөр /2016.04.18/ анхны хурлаараа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна. Одоогоор мянга гаруй гишүүнтэй гэж буй уг намын гишүүд хэн бэ гэдэг асуулт олны анхаарал татна. Тус намын хуралд улс төр, бизнес, спортын хүрээнийхэн, тэр дундаа алдар цуутай ахмадууд цөөнгүй очсон ч чухам яг гишүүн болж элссэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. УГЗ Д. Амбасэлмаа, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа, Г.Хайдав, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Л.Цог, “Херо” Б.Баатар, Х.Цагаанбаатар нар очжээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн баатрууд, гавъяатууд, намаасаа шахагдсан хүмүүсийн нэгдэл байж магадгүй юм гэж зарим хүмүүс үзэж байна.
Мөн Нарантуулын босс Ш.Сайхансамбууг тус намд элссэн гэх мэдээлэл байгаагийн сацуу Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам нь Женко Х.Баттулгын халаасны нам гэсэн хардлага ч байна. Тодруулбал, С1 телевизээр тус намын ээлжит бус хурлыг шууд дамжуулж, Х.Баттулгын гэх хүмүүс тэнд очсон нь энэ хардлагыг улам бататгаж байна.
А.Аялгуу