Эквадор улсад ойрын 70 жилд болоогүй аймшигт газар хөдлөлтийн гамшиг учраад байна. Эквадорын эрэгт бямба гаригт /IV.16/ 7.8 магнитудын газар хөдөлснөөс 413 хүн амь үрэгдэж, 2500 орчим хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын тоо цаашид нэмэгдэх нь тодорхой байна. Учир нь газар хөдлөлтийн голомтод ойр хотод 400 орчим хүн нурангид дарагдсан байх магадлалтай гэж албаныхан мэдээлжээ. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэлд олон тооны байшин барилга нурж сүйдсэн юм. Нуранги дороос хүмүүсийн цогцосыг гаргаж авахаар 13500 аврагч өдөр шөнөгүй цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Түүнчлэн Латин Америкийн хөрш орнуудаас аврах ажиллагаанд туслуулахаар 400 гаруй хүнийг илгээжээ.
Газар хөдлөлтийн дараах бүтээн байгуулалтын ажилд олон тэрбум ам.доллар шаардагдахыг Эквадорын засгийн газраас тооцоолжээ. Америкийн орнуудын байгууллагаас Эквадор улсад яаралтай тусламжийн сангаас мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Түүнчлэн Хятадын хөгжлийн банкнаас Эквадорт хоёр тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад зориулан өгөхөөр болжээ.
Үүний зэрэгцээ даваа гаригийн орой аврагчид Манта хотноо зочид буудлын барилгын нуранги дороос зургаан хүнийг эсэн мэнд аварч гаргасны гурав нь хүүхэд аж. Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр барилгын хана автомашины дээрээс унаснаас нэг гэр бүлийн дөрвөн хүн бүгд амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарчээ. Эквадорын газар хөдлөлтөд Ирланд, АНУ-ын нэг, Канадын хоёр иргэн амь үрэгдсэн байна.
Газар хүчтэй хөдөлсний дараа хэд хэдэн удаа тод чичирхийлэл болдог бөгөөд даваа гаригт Эквадорын баруун хэсэгт 5.1 магнитудын чичирхийлэл мэдрэгджээ. Эквадорын эрэгт болсон газар хөдлөлт хөрш Колумб улсад мэдрэгдсэн байна. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА