МАН, МАХН сонгуульд эвсэхээ өнөөдөр эцэслэн шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

МАН, МАХН сонгуульд эвсэхээ өнөөдөр эцэслэн шийднэ

-16.50 МАН, МАХН  сонгуульд эвсэж  орох эсэхээ шийдэхээр ажлын хэсэг гаргаж, нийтдээ 10 удаагийн уулзалт хийж, зарчмын хувьд санал нэгдсэн гэдгээ өчигдөр намуудын төлөөлөл мэдээлсэн байна..УИХ-ын сонгуулийн мандатыг хоёр нам 51:25 харьцаатайгаар хуваахаар тохиролцжээ. Харин жагсаалтыг 18:10 харьцаатай байхаар санал нэгджээ. Ажлын хэсгийн уг саналыг өчигдөр МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн бол өнөөдөр МАХН-ын Бага чуулганаар яригдах юм байна. Ингэж Нам дотроо зөвшилцсөнөөр хоёр намын эвсэж  сонгуульд орох асуудал үндсэндээ шийдэгдэх юм. Сонгуулийн хуулийн  дагуу  улстөрийн нам эвслүүд энэ сарын 20 буюу энэ долоо хоногийн гурав дахь өдрийн 18:00 цагаас өмнө Аудитын  газар хүргүүлэх учиртай. Хоёр намын удирдлагын түвшинд ажлын хэсгийн санал дэмжлэг хүлээвэл Эвслийн бүлэг байгуулагдаж, УЗ-өөр мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах юм.

-15.49 Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх хорооны хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлаар 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Нийслэлийн Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө батлах, сонгуульд оролцох шийдвэрээ гаргах, намын сонгуулийн хороогоо байгуулах гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд хуралд оролцсон гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын мөрийн хөтөлбөрөө баталж, Нийслэлийн Ардчилсан нам дангаараа 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох шийдвэр гаргалаа.

-13.56 АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт ирэх пүрэв, баасан гаригуудад болно. Энэ өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарыг сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд тэгш тоогоор төгссөн, дөрөвдүгээр сарын 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах юм. Хязгаарласан бүсэд Таван шараас Офицеруудын ордон хүртэлх зам,  Төв аймгийн пост хүртэл буюу Их тэнгэрийн амнаас Зайсангийн арын зам цаашлаад “Чингис хаан” нисэх буудал хүртэлх замыг нэмэлтээр оруулжээ. Өөрөөр хэлбэл дээрх замаар жолооч нар тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн цифрээр зөвшөөрөгдсөн өдөр нь хөдөлгөөнд оролцох юм. Мөн зочдын аюулгүй байдлыг хангаж ”Нарантуул”, “Хархорин”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Өгөөмөр”, “Дүжингарав” зэрэг томоохон найман худалдааны төвийг пүрэв, баасан гаригт амраахаар болжээ.

-13.53 Монгол Улсын Хөгжлийн банк нь ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээг өчигдөр байгуулсан байна. Энэ санхүүжилтийн гэрээний хугацаа нь гурван жил юм. Ийм гэрээг байгуулснаар нефть импортлогч компаниуд “Роснефть”-иос газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой болно. Энэ нь 100 хувь урьдчилж төлбөрөө төлсний дараа нефтийн бүтээгдэхүүнээ “Роснефть”-иэс авдаг  хуучин тогтолцоог халж,  тодорхой хугацааны дараа төлөх боломжийг бүрдүүлсэнээрээ ач холбогдолтой юм.

-13.31 Монгол Улс ирэх онд анхны хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэл ажилдаа гарсан талаар өчигдөр  /2016.04.18/ МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ тэргүүтэй профессорууд мэдээлэл хийжээ. Япон Улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй орнуудыг дэмжих зорилготойгоор Монгол, Япон, Гана, Бангладеш, Нигер гэх таван оронд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Хиймэл дагуул хөөргөх ажилд Япон улсын Засгийн газар хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо гээд бүх талаар тусалж байгаа гэлээ. Гагцхүү хиймэл дагуул хөөргөхөд шаардлагатай 225 мянган ам.долларыг хэрхэн олох вэ гэх асуудал үүссэнээ тайлбарлажээ. Хиймэл дагуул хөөргөхөд хоёр бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Нэгдүгээрт, хиймэл дагуул бүтээх, хоёрдугаарт, газрын станц байрлуулах. Тэдний тооцоолж буйгаар хиймэл дагуул бүтээхэд 100 мянган ам.доллар хэрэгтэй. Үүний тал хувийг нь МУИС-иас гаргахаар төлөвлөжээ. Харин үлдсэн 50 мянган ам.долларыг нь олон нийтийн хандиваар цуглуулахаар болсноо багш нар мэдээлжээ.

-13.13 Түрээсийн орон сууцанд хамрагдах 579 иргэний нэр 10 хоногийн дараа тодорхой болох ажээ. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-аас “Төрийн түрээсийн орон сууцад иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангиллаар иргэдийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан билээ. Бүртгэлд нийт 2600 гаруй иргэд хамрагдсан бөгөөд тэдний материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж дууссан байна. Ингээд цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг өчигдрөөс эхлэн Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээлж эхэлжээ. Иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд очиж, сугалаанд оролцох эсэхээ  тодруулах боломжтой.   Харин цахим сугалааг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулна.

-11.55 Туул голын эрэг дагуу түгээмэл олдоцтой ашигт малтмал буюу элс, хайрга олборлох тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосноос Туул гол ширгэж, зарим газраа урсац нь тасарсан гэж “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн үзжээ. Тодруулбал, 2005 оноос өнөөг хүртэл Туул голын эрэг дагуу 64 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ олон тусгай зөвшөөрөл эзэмшигчид Туулын эрэг дагуу олборлолт явуулснаас болж, Туул гол 20-30 км газарт тасарсан тухай “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн ярьж байна. Иймээс нийслэлчүүдийн хэвийн амьдралд болоод байгаль экологид онцгой хохирол учруулсан тусгай зөвшөөрлүүдийг нэн даруй цуцлах, Туул голд анхаарлаа хандуулахыг сануулсан шаардах бичгийг өчигдөр УИХ-ын дарга болон нэр бүхий 11 гишүүнд хүргүүлжээ. Улмаар Ирэх баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 22-ны нэгдсэн чуулган дээр Туул голын өнөөгийн байдлын талаар яаралтай хэлэлцэхийг “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн шаардсан байна.

-10.35 Авто зам, гүүрийн барилгын ажил өчигдөр /2016.04.18/ 12.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас авто замын ажлын нээлтийн арга хэмжээг Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Завхан аймгийн Улиастай хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Ховд аймгийн Ховд хотод эхлүүлж, уг арга хэмжээг телевизүүдээр шууд дамжуулсан байна. Мөн  МҮОНТВ-ийн “Студи 600”-д зам тээврийн салбарынхан болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ажилласан юм.  Зам тээврийн яам 2012-2015 онд нийт 3405.1 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгасан бөгөөд 2013 онд гурван аймаг, 2014 онд гурван аймгийг тус тус нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбосон юм. Харин энэ жил Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламж, Төр, хувийн хэвшил (концесс)-ийн хөрөнгө оруулалтаар нийт 1538 км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж