Татвараа төлөөгүй жолоочийг торгож, бичиг баримтыг нь хураана

Хуучирсан мэдээ: 2016.04.19-нд нийтлэгдсэн

Татвараа төлөөгүй жолоочийг торгож, бичиг баримтыг нь хураана

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хуваарийн дагуу тээврийн хэрэгсэл болон авто зам ашигласны албан татвар, хураамжаа төлөөгүй жолооч нарыг замын хяналтын камераар хянаж, торгууль ноогдуулахаар болжээ. Нэгдүгээр сард 1,9-өөр, хоёрдугаар сард 2,8-аар, гуравдугаар сард 3,7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нар машинаа авто үзлэгт оруулж, татвараа төлөх үүрэгтэй байсан.  Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд татвараа төлөх 461 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатарт бүртгэлтэй байна. Үүнээс 280 мянга орчим нь тээврийн хэрэгслийн татвар, хураамжаа төлсөн гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. Иймээс  оногдсон хугацаандаа татвараа төлөөгүй 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл буюу жолооч нарыг авто замын камераар хянаж, хуулийн дагуу найман мянган төгрөгийн торгууль ноогдуулан, бичиг баримтыг нь хураан авахаар болжээ. Тээврийн хэрэгслийн татвар төлөлт Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн сайн яваа юм байна.

Бичиг баримтыг нь хураагаад авахаар тухайн тээврийн хэрэгсэл буюу жолооч дахин хөдөлгөөнд оролцох эрхгүй болно. Хэрэв хөдөлгөөнд оролцох хүсэл тухайн машины эзэн, жолоочид байвал хуулийн хүрээнд татвар, хураамжаа төлөхөөс өөр сонголт үгүй үлдэнэ. Түүнээс татвар, хураамжаа төлөөгүй машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гээд шууд хориглох хууль, эрх зүйн орчин байхгүй гэдгийг Б.Батболд хурандаа тайлбарласан юм. Авто тээврийн үндэсний төвөөс замын хөдөлгөөнд ороогүй удсан тээврийн хэрэгсэл буюу сүүлийн дөрвөн жил /2012-2015 онд/ техникийн хяналтын үзлэгт ороогүй автомашины улсын дугаарыг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Мөн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй машин, улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах юм байна. Эхний ээлжид улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж