Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсэгт хяналтаа тогтоосноор исламын халифатыг тунхагласан “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн орлого 30 хувиар буурчээ. Тус бүлэглэлийн сарын орлого 2015 оны дунд үед 80 сая ам.доллар орчим хэмээн үнэлэгдэж байсан аж. Гэтэл 2016 оны гуравдугаар сард исламын зэвсэгт дайчдын сарын орлого 56 сая ам.доллар болж буурчээ.
“Исламын улс” бүлэглэл Сири, Иракийн газрын тосны нөөцтэй газруудад хяналтаа тогтоож, нефтийн худалдаанаас орлогынхоо нэлээд хэсгийг бүрдүүлж байв. Тэд өдөрт 33 мянган баррель нефть худалддаг байснаа 21 мянган баррель болж буурчээ. Түүнчлэн эзлэн авсан газар нутгийн ард иргэд, бизнес эрхлэгчдээс исламын дайчид өндөр татвар авч орлогынхоо нэг хэсгийг бүрдүүлдэг аж. Сүүлийн 15 сард исламын дайчид эзлэн авсан газар нутгийнхаа 22 орчим хувийг алдсанаар татварын орлого нь ч буурчээ.
Сирид таван жил үргэлжилсэн иргэний дайныг далимдуулан “Исламын улс”бүлэглэл газар нутгийн нэлээд хэсгийг эзэлж, Ракка хотыг гол түшиц /нийслэл/ болгосон юм. Сирийн иргэний дайнд 270 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдсан дүрвэсний эцэст өнгөрсөн хоёрдугаар сард талууд гал зогсоожээ. Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА