Замын хөдөлгөөнийг хязгаарлаж, захуудыг амраана

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнийг хязгаарлаж, захуудыг амраана

АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд Ази, Европын парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус уулзалтад 32 орны 156 төлөөлөгч оролцох юм байна. Энэ үеэр буюу ирэх пүрэв, баасан гаригуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарыг сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд тэгш тоогоор төгссөн, дөрөвдүгээр сарын 22-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хязгаарлалтын бүсэд хөдөлгөөнд оролцуулах юм. Хязгаарласан бүсэд Таван шараас Офицеруудын ордон хүртэлх зам,  Төв аймгийн пост хүртэл буюу Их тэнгэрийн амнаас Зайсангийн арын зам цаашлаад “Чингис хаан” нисэх буудал хүртэлх замыг нэмэлтээр оруулжээ. Өөрөөр хэлбэл дээрх замаар жолооч нар тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн цифрээр зөвшөөрөгдсөн өдөр нь хөдөлгөөнд оролцох юм.

Мөн зочдын аюулгүй байдлыг хангаж ”Нарантуул”, “Хархорин”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Өгөөмөр”, “Дүжингарав” зэрэг томоохон найман худалдааны төвийг пүрэв, баасан гаригуудад амраахаар болжээ. Үүнээс гадна А зэрэглэлийн хамгаалалт буюу явган хүний хөдөлгөөнийг ч хязгаарлахыг шаарддаг улсуудаас төлөөлөгчид ирнэ. Иймээс ирэх пүрэв, баасан гаригуудад зочид явах “Чойжин ламын музей”, “Говь” үйлдвэр, Төрийн ордны баруун, зүүн замын автомашин, явган хүний хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Харин 10 тонноос дээш жинтэй хүнд даацын машиныг дээрх өдрүүдэд 06.00-22.00 цагийн хооронд хотын зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг нь түр хориглох юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж