Монгол Улсын Хөгжлийн банк нь ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсан байна. Уг санхүүжилтийн гэрээний хугацаа нь гурван жил юм. Энэ талаар өнөөдөр /2016.04.18/ Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Монголбанкны зах зээлийн газрын гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батдаваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын нийт импортын 20-25 хувийг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг аж. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үед нефтийн импорт нь 1.2-1.4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд 700-800 сая ам.доллартай тэнцэх болжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд энэ хэмжээний валютыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг гэсэн үг юм. Харин сүүлийн хэдэн өдөр валютын ханш бууж эхэлсэн нь Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын ВТБ банктай худалдааны санхүүжилтийн гэрээ байгуулсантай холбоотой аж. Ийм гэрээг байгуулснаар нефть импортлогч компаниуд “Роснефть”-иос газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой болж байна. Энэ нь 100 хувь урьдчилж төлбөрөө төлсний дараа нефтийн бүтээгдэхүүнээ “Роснефть”-иэс авдаг хуучин тогтолцоог халж, тодорхой хугацааны дараа төлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой аж. Ингэснээр валютын ханшийн савлагааг үүсгэхгүй байх, мөн валютын нөөц бүрдүүлэх сайн талтай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ. Мөн нефть импортлогч компаниуд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болж буй аж.
Хоёр талын гэрээнд зааснаар 300 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг жилийн 7.6 хувийн хүүтэйгээр авч буй аж. Үүнийг Хөгжлийн банк нь арилжааны банкаар дамжуулан нефть импортлогч компаниудад олгоно.
Энэ тухай Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Монгол Улсын валютыг гадагшлуулдаг нэг том урсгалыг нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлдэг. Энэ худалдаа одоог болтол орчин үеийн боловсронгуй худалдааны тогтолцоог ашиглаж чадахгүй явсаар ирсэн. Нефть импортлогч компаниуд ОХУ-аас энэ төрлийн бүтээгдэхүүн авахдаа өөрсдөө хөрөнгөө гаргадаг байсан нь ачаалал өгдөг байсан. Харин бидний энэ гэрээ нь нефтийг өөрөөр нь санхүүжүүлэх хэлбэр гэж ойлгож болно. Сайн нөхцөлтэйгээр орж ирж байгаа худалдааны санхүүжилт гэж ойлгож болно. Нийтдээ 3 жилийн туршид үргэлжилнэ. Хэрвээ Монголын тал гадаад худалдааны шугамыг тултал нь ашиглаж чадвал 1 тэрбум 350 сая ам.доллар хүртэлх санхүүжилт хийх боломжтой. Монгол Улсын гадаад нөхцөл байдал амаргүй байгаа үед Оросын талын түншүүд маань маш сайн нөхцөл санал болгосон. Цаашдаа олон эерэг үр дүнг дагуулна.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Эхний ээлжинд бид “Роснефть” компаниас нефть импортолдог дөрвөн том компаниас эхэлж байгаа, цаашлаад зээлийн шугамаа сайн ашиглаад ирвэл нэмэгдүүлэх боломжтой. Гол ач холбогдол нь валютын урсгалд эерэг нөлөө үзүүлнэ. Хавар, зуны улиралд валютын ханш огцом савладаг, намар уул уурхайн өгөөж орж ирдэг учраас энэ урсгал жигдэрдэг. Энийг жигдлэхэд томоохон дэмжлэг болно. Нефть бүтээгдэхүүний худалдан авалт нь 18-22 хувийн хүүтэй зээлээр санхүүжигддэг. Үүнийг нэг оронтой тоонд оруулсан хэлцлийг хийж чадсан нь ач холбогдолтой. Цаашлаад нефтийн худалдааг рублиэр төлдөг болох механизм руу шилжих алхам бас тавигдаж байна гэж ойлгож болно. Неть импортлогч компаниуд 100 хувь урьдчилж төлбөрөө төлж байж, нефтийн бүтээгдэхүүн авдаг байсан бол одоо тодорхой хугацааны дараа төлөх боломж нь бүрдэж байна гэсэн юм.
Г.ДАРЬ