Сар гаруйхан хугацааны дараа төгсөх ангийн сурагчдын ирдээдүйд хэн болохоо тодорхойлох торгон мөч ирэх гэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, мэргэжлээ сонгосон сурагчид чухам ямар сургуульд орвол чанартай боловсрол эзэмшиж, чадвартай боловсон хүчин болж бэлтгэгдэх вэ гэх толгойны өвчинд дарагдана. Чухам энэ үеэс л сурагчид, эцэг эхчүүдийн дунд “Аль сургууль нь хамгийн чанартай нь юм бол?” гэх “онолын хувьд” хариултгүй асуулт урган гарч ирнэ. Хариултгүй хэмээн тодотгохын учир нь Монгол Улсын дээд боловсролын байгууллагуудыг шалгуур үзүүлэлтээр нь үнэлж, цэгнээд жагсаадаг албан ёсны судалгаа алга. Өнгөрсөн жилийн хувьд элсэлтийн шалгалт 19 мянга гаруйхан хүүхэд өгч, түүхэндээ хамгийн бага тоог харуулсан. Иймээс ч төгсөгчдийн дийлэнх нь улсын сургуульд элсэж чадсан. Харин энэ жил сүүлийн хэдэн жилд байгаагүй хамгийн олон төгсөгчтэй жил болно хэмээн тооцоолж буй.
Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авсан хүүхдүүд аль болох улсын сургуулийг бараадах нь бичигдээгүй хууль. Мэдээж чанартай, чанаргүй нь үл мэдэгдэх олон сургууль дундаас оноо нь л хүрч байвал улсын сургууль нь найдвартай. Улсын хэмжээнд 101 их дээд сургууль бий гэх тооцоо байна. Үүнээс улсын гэх тодотголтой АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-иудыг хасвал 96 сургууль байна. Энэ олон сургуулиас аль нь чанартай боловсрол олгох вэ?
Боловсролын үнэлгээний төв л гэхэд их, дээд сургууль бус Ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд л ажилладаг гэх. Тэгвэл Боловсролын яамнаас “Бизнесийн орчин учир улсын болон хувийн сургуулиудыг эрэмбэлэх боломжгүй” гэнэ. Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн төвөөс уг нь жил бүр төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаа гаргадаг. Гэхдээ энэ нь сургуулиудыг эрэмбэлэх шалгуур биш. Нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийг л хувилан гаргадаг. Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас их, дээд сургуулийн төлбөрийн нэмэгдэлд л анхаарал хандуулдаг юм байна.
Ингээд л эцэг, эхчүүдийн хувьд найз нөхдийн хүүхдийн элссэн, эсвэл телевиз, радиогоор олон удаа сонссон, магадлан итгэмжлэгдсэн гэдэг нь л их, дээд сургуулийн шалгуур, эрэмбэ болно. Гэтэл наад зах нь их, дээд сургууль элсэгчдээ татахын тулд реклам, сурталчилгаандаа бодит байдлаас зөрсөн зүйлсийг оруулах нь энүүхэнд. Эсвэл 100 гаруй их, дээд сургуулийн талаас илүү хувь нь магадлан итгэмжлэлтэй. Ийм нөхцөлд эцэг эхчүүд, элсэгчид битгий хэл мэргэжлийнхэн ч сургууль сонголтонд төөрч мэдэх…
Тэгвэл дэлхийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалтыг жил бүр олонд танилцуулдаг. Энэ жагсаалтыг гаргахад нийтлэг хэдэн үзүүлэлт л байдаг. Тухайлбал, “Quacquarelli Symonds” нь 1990 оноос хойш дэлхийн боловсролын шилдгүүдийн чансааг тогтоож байгаа. Их, дээд сургуулийг эрэмбэлэх үзүүлэлт нь төгсөгчдийн ажилд эрхлэлтийн байдал, багш, судлаачдын ур чадвар, гадаад оюутны тоог харгалзан үздэг.
Харин “Times Higher Education” 140 орны 10 мянга гаруй их, дээд сургуульд судалгаа явуулдаг. Их сургуулийн үйл ажиллагаа, багш нарын ур чадвар, эрдэм шинжилгээний ажил, олон улстай хамтран ажилладаг эсэх, төгсөгчдийн ажилд эрхлэлтийн байдал, гадаад оюутны тоо зэрэг 13 үзүүлэлтийг харгалзан үздэг аж.
Энэ мэтчилэн дэлхийн олон мянган сургуулийг чансаагаар нь эрэмбэлж, элсэгчдэд ч бодит мэдээлэл өгч болж байна. Гэтэл Монгол Улс л гэхээр “бизнесийн орчин, бизнесийн нууц” зэрэг хэдэн үгээр хаацайлан, ирээдүйн боловсон хүчнүүдээ ийм “бүрхэг” өрсөлдөөн дунд золиосолсоор байх уу.
М.КЕЙТ