- Туркийн эрх баригчид тус улс дах ОХУ-ын улс төр, мэдээллийн сайт “Спутник”-ийг түр хаасан тухай “Риа Новости” агентлаг мэдээлжээ.
Туркийн харилцаа холбооны газраас “Спутник”-т энэ талаар мэдэгдсэн гэнэ.
Туркийн харилцаа холбооны газрын мэдэгдсэнээр сайтыг түр хугацаанд хаасан бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эсэхийг шийдэх ажээ.
ОХУ-ын “Риа Новости” агентлагийн мэдээлснээр Туркийн энэ үйлдэл нь Ерөнхийлөгч В.Путины оролцсон телевизийн нэвтрүүлэгтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Нэвтрүүлэг гарснаас хойш хэдхэн цагийн дараа тус сайтыг хаасан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэвтрүүлэгт оролцохдоо “Турк эртнээс манай түнш, найз байсан, цаашид ч хэвээрээ байх болно. Гэхдээ нөхцөл байдалд хариуцлага хүлээх хоёр орны лидерүүдийн дунд асуудал үүсэх нь байж боломгүй зүйл” гэж ярьсан гэнэ. В.Путин Туркийг бас шашны хэт туйлшрагчидтай тэмцэхийн оронд хамтран ажилласан гэж буруутгасан юм.
Спутник сайтын ерөнхий редактор Туркийн энэ үйлдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилсон ээлжит үйлдэл гэжээ.
Турк цахим мэдээллийн хэрэгслийг хаасан анхны тохиолдол энэ биш юм.
Өнгөрсөн онд Туркийн эрх баригчид “Youtube”, “Twitter” сүлжээг түр хаах шийдвэр гаргаж байсан юм.
Н.ЭНХ