Үерийн улмаас олон сая хүн усны хомсдолд оров

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас олон сая хүн усны хомсдолд оров

Чилийн нийслэл Сантьяго хотод олон өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болж, хотын 4.5 сая хүн ундны усны хомсдолд орчихоод байгааг албаныхан хэлж байна. Сантьяго хотын хэд хэдэн дүүрэг үерт автаж, хөрсний нуралт үүссэнээс нэг хүн амиа алджээ.

Үерийн улмаас долоон хүн сураггүй болсон бөгөөд албаныхан 300 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Гамшигт нэрвэгдсэн Сантьяго хот болон ойролцоох мужид 80,000 гаруй хүн тог цахилгаангүй байгаа ажээ.

Байгалийн гамшгийн улмаас Чилийн хамгийн том Коделко уурхайн үйл ажиллагааг зогсоож, уурхайг нь хаажээ. Албаныхан мөн сургуулиудыг ч түр хугацаанд хаахаар төлөвлөж байгаа юм байна.

Оршин суугчдын хэлж буйгаар үер хотын дундуур урсдаг Рио Мапучу голын ус хальснаас болоогүй, харин хотын туннель усаар дүүрснээс хэд хэдэн дүүрэг үерт автсан ажээ.

Үерийн улмаас хот цэвэр усны хомсдолд орсон тул хотын удирдлагууд бэрхшээл арилтал цэвэр усны нөөцөө ариг гамтай хэрэглэхийг зөвлөсөн байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж