-Туул гол хэд хэдэн газарт 2-3 км тасарсан тухай “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарчээ. Энэ нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал, шар устай холбогддог. Үүнийг сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр хөндөн тавьж буй ч Туул голын орчим дахь лицензийн тоо энэ жил ч нэмэгдсэн хэмээн хөдөлгөөнийхөн мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргынх юм байна. Гэвч энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгджээ.
-Өмнөд Америкийн баруун хойд хэсэгт орших Эквадор улсад бямба гаригт /IV.16/ 7.8 магнитудын газар хөдөлжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас 28 хүн амь үрэгдсэнийг тогтоосон аж. Түүнчлэн засгийн газраас зургаан мужид онц байдал зарласан байна. Газар хөдлөлтийн голомт Муйсне хотын ойролцоо байсан бөгөөд 160 гаруй км зайтай нийслэлд чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ. Хүчтэй газар хөдлөлтөд зэргэлдээ хот, тосгодод олон байшин барилга нурж сүйдсэн байна. Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс эргийн 300 км зайд цунамийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулжээ.
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Тахилтын даваа”, Баян багийн “Хустайн даваа”-нд өнгөрсөн баасан гаригт цасан шуурга шуурч, зам хаагдаад байсан юм. Шуурганы улмаас олон автомашин цасанд сууж саатсан тухай дуудлагаар ОБЕГ-ын нэг автомашин, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, хоёр автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, гурван автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, дөрвөн автомашин, “Пажеро клуб”-ын 12 хүн, таван автомашин зэрэг нийт 111 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1077 иргэн, 348 автомашин цасанд боогдсон байсныг уржигдар шөнө 00.00 цагийн үед аюулгүй гаргажээ.
-Жингийн дутагдалтай тураалд орсон, цус багадалттай, рахит, диатезтай болоод төрөлхийн дархлаа сул, уруул тагнай сэтэрхий, эвэрхийтэй, унаж татдаг зэрэг суурь өвчтэй хүүхдүүд улаанбурхны дэгдэлтийг дийлэлгүй нас барсаар буйг эмч нар мэдээллээ. 2016 он гарсаар нийт улаанбурхан өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас барсан хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд байжээ. Мөн улаанбурхны халдвараа даалгүй эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, хавсарсан өвчтэй байсныг ХӨСҮТ-өөс тайлбарлалаа.
-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, саатуулагдсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандорж, МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөө нарыг өчигдөр орой батлан даалтад гаргажээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг АТГ-аас авлига авч, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан баривчилж, ШШГЕГ-ын харьяа 401-р хорих анги буюу Төв аймгийн мөрдөнд хориод байсан юм. Харин “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Ж.Равдандоржийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан. Дээрх хоёрыг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчилсан байдаг.
-АН-ын ҮЗХ-ны хурал дөрөвдүгээр сарын 16-нд болно гэж Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдээлсэн. Тэгвэл албан ёсоор дөрөвдүгээр сарын 18-нд зарлагдсан байна. Яагаад хойшлогдсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “ҮЗХ хэзээ хуралдахыг албан ёсоор товлоогүй байсан. Тиймээс бид ярилцаад 18-нд буюу даваа гаригт хуралдах нь тохиромжтой гэж сонгосон” гэсэн юм.Энэ удаагийн ҮЗХ-аар намын мөрийн хөтөлбөр болоод намын эв нэгдлийн асуудлыг хэлэлцэх юм.
-Гурилын үйлдвэрүүдийн агуулахад өнөөдрийн байдлаар нийт 30 мянган тонн улаанбуудайн нөөц байна. Энэ 30 мянган тонн улаанбуудай нь Монгол Улсын гурилын нэг сарын л хэрэглээ аж. Өөрөөр хэлбэл яаралтай импортын улаанбуудайны квот олгож, гурил үйлдвэрлэх буудайгаа нөөцлөхгүй бол тавдугаар сар гараад гурилын үйлдвэрүүд зогсох эрсдэлтэй болжээ. Гурилын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоохоор дотоодын гурилын хэрэглээний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсөх сөрөг талтай юм. Монгол Улсад том жижиг нийлээд 80 орчим гурилын үйлдвэр байдгаас өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Алтан тариа”, “Улаанбаатар гурил”, “Милл хаус” гэсэн гурван үйлдвэр байна. “Өег гурил”, “Эрдэнэт фүүдс”, “Од групп” гээд бусад жижиг үйлдвэрүүд улаанбуудайгүй болж үйлдвэрлэлээ зогсоожээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас богино хугацаанд дахин 65 мянган тонн буудай импортлох квотыг гурилын үйлдвэрүүдэд хуваагаад өгвөл намрын ургац хураалт хүртэл энэ салбарынхан гал алдахгүй гэдгээ тайлбарлалаа.
-Нэмэгдсэнн өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллаар азтан болсон иргэд өнгөрсөн баасан гаригт батламжаа гардаж авлаа. Нийтдээ 3.5 тэрбум төгрөгийн мөнгийг иргэд хожжээ. Гэхдээ энэ 3.5 тэрбумаас ердөө 930 мянган төгрөгийг л иргэд авсан байна. Энэ нь иргэдийн баримт бүртгүүлэх идэвх сул хэвээр байгааг харуулна хэмээн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн зуун сая төгрөгийн азтан нэг, 20 сая төгрөгийн азтан тав, дөрвөн сая төгрөгийн азтан 71, 500 мянгын азтан 828, 100 мянгын азтан 7715, 20 мянгын азтан 77 518 хүн тодорчээ.
-Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 22-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй эхэлхээр товлогджээ.