“Төр барих мөнхийн эрх ашиг”

Хуучирсан мэдээ: 2016.04.18-нд нийтлэгдсэн

“Төр барих мөнхийн эрх ашиг”

“Төр барих мөнхийн эрх ашиг”

Ардчилсан нийгмийн хамгийн давуу зүйл нь амьдрах нийгмийнхээ дүрэм журмыг олонхиороо энэ нь зөв хэмээн хэлэлцэж, үүнийгээ дагаж мөрдөж амьдардаг. Энэхүү дүрэм журам нь хуулинд тусгалаа олдог. Бид энэ л замаар яваад 26 жилийн нүүрийг үзэж байна. Амьдрал баян учраас гаргасан хуулийн үйлчлэх орчин, нөхцөл өөрчлөгдөн засвар шаардах нь бий. Ийм үед энэ засварыг хэн дуртай нь биш хууль тогтоох эрх бүхий байгууллага хийдэг. Энэ нь парламент. Парламент нь дураараа дургиж байна уу, эсвэл хуулиндаа захирагдаж байна уу гэдгийг парламентад очиж бидний амьдрах эрхийг баталгаажуул гэж эрх өгсөн сонгогчид, олон нийт хянах учиртай. Монголчууд бидний 26 жилийн өмнө сонгож байсан асуудлыг олонхийн эрх ашигт нийцүүлэн гаргах зарчим харин алдагдаж эхэллээ. Гэхдээ хамгийн шоглонтой нь ийм замыг сонгохын төлөө амь насаараа дэнчин тавьж, энэ замналаараа ч бахархдаг Ардчилсан намын засаглалын өнгөн дээр болж байна.

26 жилийн турш монголчууд бидний амь амьдралыг шийдэж ирсэн улс төрийн хоёр хүчин өөрсдийгөө энэ улсын мөнхийн залуурчид байх хувь заяатай гэж боддог болтлоо амьдралаас тасарчээ. Монголчуудын түүхэн сонголтын гараан дээр тэс өөр үзэл бодолтой байсан Ардчилсан нам, Монгол Ардын нам эдүгээ нэр нь өөр болохоос нэг зүгт харан хөтлөлцөн алхах болсоныг олон үйлдлээс харж болохоор болжээ. Хамгийн сүүлийн жишээ нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж пропорциональ тогтолцооноос ухрах тухай мэдээлэл. Яг долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын компанид цагдаагийнхан нэгжлэх хийсэн дуулианы үеэр Баянгол зочид буудал очин, хувийн компанийг цээжээрээ хамгаалсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “76 тойргоос сонгогдох мажоритар тогтолцоогоор Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлыг энэ долоо хоногтоо хийнэ” хэмээн мэдэгдэхэд парламент дахь Женко бүлэглэл төрийн эргэлт хийх нь үү гэж бодсон нь төөрөгдөл байжээ. Улс төрийн гол хоёр нам аль хэдийнэ тохироогоо хийснийг олонд зарласан төдий байж.

26 жил ээлжлэн төр барьсан хоёр намын рейтинг түүхэнд байгаагүйгээр шалдаа бууж, сонгогчид МАНАН л биш бол бор хурга байсан ч сонгож мэдэхээр байгаа нь аль алиных хийсэн дотоод судалгаагаар ил болсон тул ийнхүү яаран гарц хайхад хүргэжээ. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд. Пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг ирэх Баасан гаригт хэлэлцэхээр дунд суудлын хуралдаан зарласан нь санамсаргүй хэрэг биш. Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдлын дагуу Сонгуулийн хууль нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм. Эдгээр заалтад юу гэж заасан байгаа вэ?  Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, хорин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, хорин нэгдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”, хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн тус тус заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2012 оноос Сонгуулийн хуулинд орж ирсэн мажоритар тогтолцоогоор авсан саналд хувь тэнцүүлэн тухайн улс төрийн намаас жагсаалтаар гишүүдийг УИХ-д оруулж байгаа пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Хэрэв Үндсэн хуулийн Цэц “зөрчсөн” гэж үзэж шийдвэр гаргавал мажоритар, пропорциональ тогтолцооны холимогоор сонгогдон ажиллаад одоо хугацаа нь дуусах гэж байгаа З.Энхболдын парламент дөрвөн жил Үндсэн хуулиа зөрчин ажилласан болох нь.

Өмнөх хориод жилийн түүхийг сөхвөл хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог Ардчилсан нам хамгийн их дэмжиж ирсэн. Энэ дэмжлэг тэмцлийнх нь үр дагавар бол 2012 оны Сонгуулийн хууль. Сонгуулийн хоёр тогтолцооны аль алинд сайн ч тал бий, саар тал ч бий. Гэхдээ ардчиллын зарчмыг хангаж, улс төрийн намуудыг төлөвшүүлж, сонгогчдын саналыг гээгдүүлэхгүй байя гэвэл пропорциональ тогтолцоо руу орох ёстой гэдгийг тунхаглаж байсан нөхдүүд одоо ярьж хэлж байсан зүйлээ мартсан бололтой. 1992, 2000 оны сонгуулиудад мажоритар тогтолцооны хамгийн сул талын горыг биеэр амссан хүмүүс нь Ардчилсан намынхан. Тухайн үед сонгогчийн 44-50 хувийн санал авсан ч 1992 онд таван суудал, 2000 онд гурван суудалтай хоцорч байсан.

Дэлхийн ардчилсан төрт улс орнуудын жишээг харахад монголчуудын 2012 онд баталсан холимог тогтолцоог түлхүү хэрэглэж байна. Сонгуулийн тогтолцоог мажоритар буюу олонхийн, процорциональ буюу хувь тэнцүүлсэн хэмээн хувааж үздэг. Гэхдээ мажоритар тогтолцоог дотор нь дийлэнх олонхийн, ердийн олонхийн гэж хоёр хуваана. Мажоритар тогтолцоог сонгуулийн тогтолцооны анхдагч гэж үздэг бөгөөд энэхүү тогтолцооны сул талыг нөхөх зорилгоор пропорциональ хэлбэрийг улс орнууд гаргаж ирсэн байдаг. Зарчим нь нам, эвслийн авсан саналд хувь тэнцүүлэн парламентад суудал эзлүүлэх юм. Тухайн тойрогт нэр дэвшигч сонгогдох эсэхээс үл хамааран санал бүрийг тооцож гаргадаг учир сонгогчдын санал бүр төлөөлөгдөх боломжтой, сонгуулийн бусад системтэй харьцуулахад илүү шударга хэмээн улс төр судлаачид үздэг.

Мажоритарын сул тал нь улс төрийн намын бодлого явахаас илүүтэй ганцаараа тоглож чадсан, эсвэл танигдсан хүн гарч ирэх магадлал өндөр. 2012 оноос өмнө бидний мөрдөж байсан мажоритар хэлбэр нь жалга довны 76 популистыг гаргаж ирсэн бөгөөд хамгийн хорлонтой улсын хөгжлийн нэгдсэн бодлогыг алдагдуулж, улсын төсвөөс өөрийн тойрог буюу жалга руу их хөрөнгө татаж чадсан нь эргэн сонгогдох магадлалыг бий болгож ирсэн. Өөрөөр хэлбэл, өөрийн тойрог дахь цэцгээ л усалж байвал нь тэр цэцэг нь цэцэрлэгт хүрээлэнд ургаж олны сэтгэлийг баясгах үгүй нь огт хамаагүй. Мажоритар руу эргэн буцах нь МАНАН-д ашигтай хувилбар болохоос Монголд ашиггүй хувилбар гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа ч “эрх барих мөнхийн эрх ашиг” бүхнээс дээгүүр гэдгийг нотлох нь.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж