-Тухайн үед нам төрийн эрх бариад явж байсан хүний хувьд онц байдал зарлахгүй байж болоогүй юм уу?
-Эсэргүүцэл эхэлсэн, түүнийг өөр тийш нь чиглүүлж, эмх замбараагүй байдал бий болгосон. Энэ бүхэнд хоёр талын оролцоо байсан гэдгийг та бүхэн мэднэ. Тухайн үед би хоёр талын хүмүүст байдлыг тайван замаар намжаахыг хүссэн, анхааруулсан, гуйсан, шаардсан. Гэтэл Засгийн газар нь, намууд нь, хууль хяналтын байгууллага ажиллаагүй, үүргээ биелүүлээгүй. Ер нь чүдэнз зураад асаасан галыг түймэр болгож дэгдээсэн гэж үздэг. Шат шатны хүмүүс нь үүргээ биелүүлээгүй учир нөхцөл байдлын шахаанд орж, онц байдал зарласан. Зарлахаас өөр арга байгааүй. Би одоо хүртэл онц байдал зарласандаа харамсдаг. Тэгэхээр шат шатандаа ажлаа хийж суръя. Цагдаа, тагнуул, засгийн газар, сайдууд, намууд, сонгуулийн хорооныхон гээд бүх шатандаа хариуцлага хүлээж, ажлаа хийж сурмаар байна.
-Хохирогчдын өргөдөл гомдлын дагуу хэрэгсэхгүй болоод байсан долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Энэ талаарх таны хийсэн мэдэгдэл мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн явуулахад хүргээд байгаа. Таниас албан ёсоор тайлбар авсан уу?
-Энэ талаарх байр сууриа байнга илэрхийлж байгаа. Прокурорын байгууллагаас надаас албан ёсоор тайлбар авахад мөн л байр сууриа илэрхийлсэн. Ер нь хэргийг хэрэгсэхгүй болгох түдгэлзүүлэх гэдэг тоглоом шиг зүйл юм. Үнэхээр хуулийн байгууллага үнэнийг тогтоохоор ажиллаж байна уу гэдэг нь чухал. Би үүнд л эргэлзэж байна. МАНАН-ийн Засгийн газар байгаа цагт энэ хэргийн буруутан тодорхой болохгүй. МАНАН үгүй болсон цагт л илэрнэ.
-Та МАНАН Засгийн газар буруутай гээд байдаг. Таны үед ч энэ маягийн Засгийн газар байсан биз дээ?
-Миний үед МАНАН байгаагүй шүү. Та 2004 онд байгуулсан Эвслийн Засгийн газрыг хэлж байх шиг байна. Тухайн үед МАХН 25, АН 39 суудал авсан байсан. Хуулиндаа олон суудал авсан намтайгаа нэгдэж Эвслийн Засгийн газар байгуулна гэж заасан. Харин одоогийн Засгийн газар МАНАН дунд байна.