Туул гол Сонсголонгийн гүүрний орчимд тасарсан тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар Туул гол хэд хэдэн газарт 2-3 км тасарсан хэмээн “Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн мэдээллээ. Яармагийн орчимд 2-3 км, Зайсанд нэг км, бусад газарт хагас км хэртэй тасарчээ. Энэ нь нөгөө л барилгын болон хайрга дайргын лиценз, үйлдвэрийн хог хаягдал, шар устай холбогддог. Үүнийг сүүлийн хэдэн жил эрчимтэйгээр хөндөн тавьж буй ч Туул голын орчим дахь лицензийн тоо энэ жил ч нэмэгдсэн хэмээн хөдөлгөөнийхөн мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Туулын орчимд 60 гаруй лиценз олгосон гэв. Лицензийн дийлэнх нь дайргынх юм байна. Гэвч энэ жил л гэхэд 11 лиценз шинээр нэмэгдсэн хэмээн хөдөлгөөний зохицуулагч мэдэгдлээ.