-2016.18.26 Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад өчигдөр айлчиллаа. Тэрбээр эдийн засгийн хүрээнд хамтран ажиллах, Зүүн хойд Ази болон Зүүн Азийн орнуудын асуудалд хамтрах, АСЕМ-ын үеэр Монгол Улсын аюулгүй байдлыг хангах чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар Л.Пүрэвсүрэн сайдтай санал солилцсон. Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлал 17.00 цагт өндөрлөж, Чингис хаан олон улсын нисэх буудлаас Япон улсыг зорьжээ.
-2016.18.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг өчигдөр Их тэнгэр дэх гэр өргөөндөө хүлээн авч уулзжээ. Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсанд талархал илэрхийлж, хөрш 3 улсын хооронд эдийн засгийн коридор байгуулахаар санал болгосныг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
-2016.17.29 Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан. Иймд 2016 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсоох тул дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас анхааруулж байна. Мөн хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн иргэний цахим үнэмлэхээ эртнээс захиалж бичиг баримтын зөрчлөө арилгахыг шаардлаа.
-2016.16.30 НИТХ-ын 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжиж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Зуны цагийн хуваарь гэхээр хүмүүс дугаарын хязгаарлалт үйлчлэх цагт өөрчлөлт орсон гэж ойлгож байгаа боловч цагийн хувьд ямар ч өөрчлөлтгүй 08.00-20.00 цагт хязгаарлалт үйлчлэх юм. Харин хязгаарлалтын бүсийг тэлсэн гэдгийг Замын цагдаагийн газрын хэвлэлийн албанаас анхааруулж байна.
–2016.13.39 УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82 хувь дэмжин баталлаа. Энэ нь Тост, Тосон бумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах тухай юм.
–2016.13.01 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил хуваарийн дагуу хийгдэж буйг өчигдөр Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат сайдын цаг уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ. Тодруулбал Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад Монгол-Канад, Монгол-Англи, Монгол-Хятад, СРР-МАХ /Монгол-Хятадын хамтарсан/ консерциум орж ирсэн байна. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтаар дээрх үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч эцсийн байдлаар шалгарна. Дөрвөн ч консерциум сонгон шалгаруулалтад орж ирсэн нь дотоодынхоо түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр барих сонирхол үндэсний консерциумд байгаа нь ажиглагдлаа гэдгээ салбарын сайд нь хэлжээ. Тус үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотойгоор Дорнодын Тамсагбулагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл 540 км-т нефть дамжуулах хоолой барих ажил мөн эхэлнэ. Энэ ажлыг концессын гэрээгээр хийхээр төлөвлөсөн байна.
-2016.12.01 Өнгөрсөн Мягмар гаригт АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Хууль зүйн байнгын хороо Лхагва гаригт хэлэлцсэн бол өчигдөр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны саналыг 43 гишүүн дэмжсэнээр АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.