Монголын байгаль орчны төрийн байгууллагуудын холбоо, Мэргэжлийн анчдын холбооноос өнөөдөр /2016.04.12/ мэдээлэл хийлээ. Дээрх холбоод Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан хэмээн мэдэгдэж байна. “Мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Хурцаагийн хэлснээр Засгийн газар 2015 оны долоо, найм, есөн сард төрийн нууц нэрийн дор, шонхор шувууг хил гаргах нууц тогтоол гаргасан гэв. Тэрбээр “Шонхор шувууг замбараагүй агнаж, борлуулдаг байсан явдлыг зогсоож, үндэсний бахархалт шувуугаар зарласан. Ингээд шонхор шувууг арилжааны зориулалтаар агнахыг хориглож, зөвхөн соёл, шинжлэх ухааны шугамаар агнахыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл нууц тогтоолыг 2015 онд Засгийн газраас гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан. Ингэхдээ нэг шонхроос улсад авах ёстой 11 760 ам.долларыг ч бүтэн бодоогүй. Нэг шонхроос үсрээд л 3000 ам.доллар авсан. 2013 оноос хойш тооцоод үзэхээр нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан” гэж мэдээллээ.