АСЕМ-ийн 11 дүгээр дээд түвшний уулзалт Монгол Улсад болох гэж буйтай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ өөрөөсөө 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны зогсоол, зорчигчдын орж, гарах танхимыг шинээр тохижуулан засварлаж буй юм. Ирэх дөрөвдүгээр сарын 20 гэхэд буудлын засвар, өргөтгөлийн ажил бараг дуусна гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлага өнөөдөр мэдээллээ. Өмнө нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал 25 онгоц зогсох зогсоолтой байсан бол АСЕМ-ийн уулзалтад зориулж 4C ангиллын есөн онгоц зогсох зогсоолыг нэмж барьсан байна. Бусад нисэх буудал нь хөгжсөн оронд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад уригдан ирсэн зочид нисэх буудлын тусгай зэрэглэлийн орох, гарах гарцаар үйлчлүүлж, бусад зорчигчид энгийн терминалаар үйлчлүүлэх боломжтой байдаг. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын тухайд онгоцноос буусан зорчигчид наашаа гарч ирэх ганцхан терминалтай юм. Иймээс АСЕМ-ийн уулзалтын үеэр буюу ирэх долоодугаар сарын 15, 16 ний өдрүүдэд орон нутгийн нислэгийг зогсоохоор төлөвлөжээ. Хэрэв Налайх дүүргийн нисэх зурваст онгоц бууж болно, аюулгүй гэдэг нь батлагдвал тэнд орон нутгийн нислэгийг буулгаж, хөөргөнө гэсэн тооцооллыг нисэхийнхэн давхар гаргасан байна. Зочдын аюулгүй байдал, нисэхийг тойрсон хамгаалалтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хаана хамгаалалтаа байрлуулах вэ зэрэг аюулгүй байдлын зураглалыг ИНЕГ, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран гаргаж, ажиллаж байгаа гэлээ.