Нийслэлийн гудамж ихэнх нь камертай болсноор жолооч нарын дэг журам сайжирч, зөрчил буурсан гэж Замын цагдаагийнхан дүгнэжээ. Гэвч хянах боломжгүй замууд мэр сэр байсан. Тухайлбал, Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад жолооч нар “галзуу” мэт давхидаг нь хэвээр байсан тул эдгээр замд зөөврийн камер байрлуулж, дээрх чиглэлийн замыг бүрэн хянадаг болжээ. Зөөврийн камерыг ажиллуулж эхэлснээс хойш нийтдээ 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ. Мөн Яармагийн замд илрүүлсэн зөрчлийн багагүй хувь нь 150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна.