Эрчим хүч үйлдвэрлэж, түгээдэг компани, станцууд өнгөрсөн онд нийт 595.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Өмнөх жилүүдэд тохиолдоогүй орлого, зарлагын баланс тэнцсэн түүхэн жил боллоо гэж эрчим хүчний салбарынхан 2015 оныг дүгнэж, өнөөдөр тус онд хийсэн ажлаа тайлагнаж байна. Эрчим хүчний орлого эерэг баланстай гарна гэдэг нь хэрэглэгчдэд түгээх цахилгаан, эрчим хүч доголдолгүй, найдвартай хүрэх эхлэл аж. Орлого, зарлагын баланс нь тэнцсэн цахилгаан түгээх сүлжээ, үйлдвэрүүд эргээд урсгал засварууд хийнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна. Иргэдэд хүрэх цахилгааны үнэ нэмэгдсэн болохоор энэ салбарынхны орлогын зүү дээшлэх нь тодорхой. Гэхдээ иргэд төлсөн мөнгө шигээ найдвартай цахилгаан авдаг уу гэвэл эргэлзээтэй гэж шүүмжилдэг. Тэгвэл иргэн таны эрчим хүчнийхээ хэрэглээнд төлсөн мөнгө, утсаар ярьж, телевиз үзсэний хариуд төлсөн төлбөрөөс нэг дахин бага буйг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү тоон баримтаар тайлбарлалаа. Эрчим хүчний салбар 2013 онд 416 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар тэднийхээс бараг хоёр дахин их буюу 784 тэрбум төгрөг. 2014 онд эрчим хүчний салбар 500 тэрбум, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар 850 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад монголчууд цахилгаанаасаа илүү утсаар ярьж, зурагт үзэн, интернет ашигласныхаа хариу төлбөрт илүү мөнгө төлдөг байгаа юм.