Хямралын бүх юм муу байдаггүй аж. Зарим талаар хямрал монголчуудад санхүүгийн сахилга баттай болоход нь тусалж байна гээд хэлэхэд буруудахгүй биз. Бие, биетэйгээ өрсөлдөн, хэн нэгэнтэй барьцан өөрийнхөө орлогоос давж гарсан хэрэглээтэй, ядуу хэрнээ тансаглах дуртай монголчууд сүүлийн үед санхүүдээ тооцоотой, хариуцлагатай ханддаг болсныг ч эдийн засагчид сайшаах болсон. Өөрөөр хэлбэл, хямрал монголчуудыг орлогоо зөв зохистой зарцуулахад сургаж байна.
Цалин тэтгэврийн өсөлт мэдрэгдэхгүй, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж буйг иргэд гомдоллодог ч үүнийг дагаад олсон хэдээ зөв зохистой зарцуулж, санхүүгийн төлөвлөгөөгөө сайн хийдэг болсон талаар албаныхан ч хэлж байна. Тухайлбал, банкин дахь хадгаламжийн хэмжээ тасралтгүй өссөөр байгаа нь үүний илрэл хэмээн тайлбарлаж байна. Ялангуяа 2013 оноос хойш хадгаламжийн хэмжээ жилд 10 хувиар өсжээ.