Бага, дунд сургуулийн сурах бичгийг зохиодог эрдэмтэд, ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нарын төлөөлөл сүүлийн үед яригдаад буй Монгол хэл, Уран зохиолын сургалтын чанар, сурах бичгийн агуулгын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд ЕБС-ийн хичээлийн агуулгад мүүний шашны нөлөө орсон гэх мэдээллийг үгүйсгэж, аль ч оронд бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц байнга өрнөж байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс бага, дунд боловсролын салбарт чанарын шинэчлэл, тэр дундаа хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Цаашид ч энэхүү хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг тасалдалгүй явуулах шаардлагатай гэж мэдэгдлээ. Монгол хэлний сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг боловсруулах багийнхан орчин цагт хэрэглээний хэл зүйг заах нь чухал гэж үзжээ. Ингэхдээ эх дээр суурилж хэл, бичгийн хичээлийг явуулах шинэчлэлийг 2005 онд боловсруулж, сургалтын хөтөлбөртөө шингээсэн байна. Эх дээр ажиллана гэдэг бол эхийг уншиж нарийн задлал хийнэ гэсэн үг. Хүүхдүүд эх дээр задлан шинжилгээ хийгээд дараа нь өөрөө зохиож бичих, түүнийгээ ярих, хүнд ойлгуулж сурах нь хамгийн чухал гэж МУИС-ийн профессор, ШУ-ны доктор М.Базаррагчаа тайлбарлалаа. Харин боловсролын шинэчлэлийн үе шат бүрт эх хэлний боловсролын агуулга, мөн чанар руу заавар өгдөг ямар ч Засгийн газар байгаагүй. Тийм учраас эх хэлний боловсролын агуулгад алдаа гарсан байвал боловсруулсан багийнхны алдаа дутагдал болохоос биш дээрээс өгсөн заавар биш гэж Ц.Өнөрбаян багш мэдэгдсэн юм.