Үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ч бэлэн мөнгөгүй малчин иргэдийг Засгийн газраас дэмжиж жилийн 30 хувийн хүүтэй байсан малчны зээлийг өнөөдрөөс жилийн 10 хувь, сарын 2.5 хувийг 0.8 болгон бууруулж байна. Төрийн банкаар дамжуулан олгох уг зээлийг авах хүсэлтэй иргэн “Малчин” данстай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж, малаа тогтмол тарилга туулгад бүрэн хамруулдаг байх шаардлагатай гэнэ. Эдгээр бүх шалгуурыг хэрэгжүүлсэн бол таван сая хүртэлх төгрөгийг жилийн 10 хувийн нөхцөлтэйгөөр Төрийн банкнаас зээлээр авах боломж өнөөдрөөс бүрдлээ. Хамгийн гол нь тухайн иргэний мал эрүүл байх ёстой. Мал эрүүл байна гэдэг нь үйлдвэрлэлийн асар их боломжтойг илтгэнэ гэж салбарын сайд нь харж байна. Гэхдээ жилийн 10 хувийн хүүтэй зээлийг нийт малчдын 0.1 хувь 15 мянган сайн малчин л авах эрхтэй аж. Монгол Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх бий. Эдгээрээс 120 мянган өрх нь нийт 222 тэрбум төгрөгийн зээлтэй юм.