Орон нутагт интернетийн хурд өнөөдрөөс 3.4 дахин нэмэгдэж, үнэ нь буурлаа. Ингэснээр орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол 13 мянган төгрөг болж байгаа юм.
Учир нь орон нутгийн иргэдэд хүрэх интернет боломж, төрийн үйлчилгээ хязгаарлагдмал байдаг билээ. Тиймээс Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган өнөөдрөөс эхлэн орон нутагт интернетийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр болж байгаа аж. Гэхдээ эхний ээлжид 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбож байна. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Булган, Говь Сүмбэр, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн 16 аймагт өнөөдрөөс интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурч байгаа аж. Харин ирэх сарын 1-ний өдрөөс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт сүлжээний өргөтгөл хийсний дүнд өндөр хурдад холбох юм байна.