Тариаланчдын хувьд ургацаа үер бороо, ган гачигт алдах нь элбэг. Өнгөрсөн зун гэхэд Монгол Улс нийт ургацынхаа 60 хувийг ган, гачигт алдсан. Тиймээс улаан буудай тариалдаг иргэн, аж ахуй нэгж энэ хавраас тариалангийн талбайгаа даатгуулдаг болж байна. Ингэснээр тариаланчид хохирлоо даатгалынхнаас гаргуулах боломж бүрдэж байга аюм. Газар тариалан бол эрсдэлтэй бизнес. Энэ утгаараа бизнесээ эрсдлээс хамгаалахын тулд талбайгаа даатгуулах нь хамгийн зөв шийдэл. Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани тариалан эрхлэгчдийг байгаль, цаг уурын болон бусад урьдчилан сэргийлэх боломжгүй нэр бүхий эрсдэлээс шалтгаалан ургац алдах, түүнээс үүсэх эдийн засгийн хохирлоос хамгаалахаар ийнхүү газар тариалангийн даатгалыг хэрэгжүүлэхээр тооцжээ. Тухайн компанийн тооцооллоор даатгуулагч, даатгагч харилцан тохиролцож үнээ гаргах бөгөөд ойролцоогоор нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр даатгана гэж үзсэн байна. Даатгалын хураамж нь тухайн аймаг, сумдын эрсдэлийн түвшнээс шалтгаалан 4-12 хувийн хооронд байх гэнэ. Мөн тухайн даатгуулагчийн сүүлийн таван жилийн дундаж ургацын хэмжээг тооцоолон даатгах аж. Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч тариаланчийн дундаж ургац алдалтыг харгалзан бодож нөхөн олгох юм байна.