Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүртгэл явуулахаар болсноо Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх юм. Харин орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай. Тухайлбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийнэ. Харин “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл хийнэ. Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваасан. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгожээ.