Эрүүл мэндийн салбар “сэхээнд” орсон хэмээн “Эрүүл монгол клуб”-ээс мэдээллээ. Тэд энэ асуудлыг Эрүүл мэндийн сайдын томилгоо, энэ салбарын бодлоготой холбон тайлбарлалаа. Клубын тэргүүн Б.Бат-Ирээдүйгийн мэдээлж буйгаар эрүүл мэндийн салбарт 2014 оноос уналт ажиглагдаж, иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлт доройтож эхэлсэн гэв. Тэрбээр “2014 онд салбарын сайдаар эрүүл мэндийн асуудал огт мэдэхгүй, мэргэжлийн бус хүнийг томилсон. Одоо бүр сайд ч үгүй байна. Энэ хугацаанд хүн амын дунд халдварт өвчин, гэмтэл, нас баралт, бэлгийн тогтолцооны өвчлөл, зүрх судасны өвчлөлийн үзүүлэлт бүгд доройтсон” гэлээ.