Авлигатай тэмцэх газар бие даасан, хараат бус байдлаа алдаж, улс төрийн нөлөөнд автаж эхэлсэн тухай гэж МАХН-ын дэргэдэх “Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо” /АШЁМЗХ/-ноос мэдэгдлээ. Тэд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарыг үе шаттайгаар хоморголон барьж, шалгах зэргээр улс төрийн хэлмэгдүүлэлтийг удаа дараа хийсэн гэж үзэж байгаа юм байна. Мөн нэг нам, нэг хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлтийг улс төрийн зорилгоор АТГ сонгууль дөхөхөөр тогтмол явуулдаг гэлээ. Иймээс тус холбооноос АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс аврах хөдөлгөөнийг эхлүүлжээ. Хамгийн түрүүнд АТГ-т ажилладаг залуусыг энэхүү хөдөлгөөндөө нэгдэхийг уриалж байна. Учир нь дарга, комиссарын тушаалаар захиалгын ажил хийх нь залууст тохирох ажил биш гэж МАХН-ын дэргэдэх залуус тайлбарлалаа.
АТГ ил тод ажиллах ёстой, сонгуулийн жилүүдэд улс төржиж, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж хохирогч болгох ёсгүй гэж МАХН-ын дэргэдэх залуучууд үзэн, тус газарт үйл ажиллагаагаа хараат бусаар эрхлэхийг шаардсан бичгийг хүргүүлжээ.