Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дамбадаржаагийн рашаан, Сэлбэ голын зүүн эрэг дагуу өвөлжсөн айлууд усанд автаж эхэлжээ. Хөрсний цэвдэгтэй газар энэ жил 40 орчим өрх өвөлжсөний тав нь усанд автсанаасаа болоод газрыг орхин нүүсэн байна. Одоогоор хоёр айл гэрийн бүслүүр, ханийн толгой хүртлээ усанд автаж, мөстсөн байх юм. Хөдөө ажлаар яваад ирэх хооронд нь өнгөрсөн 12 дугаар сард иргэн М-ийн таван ханатай гэр усанд автаж эхэлсэн байжээ. Өндөр настай ээж, бага насны охинтойгоо амьдардаг байсан М тухайн үед хүн хүчгүйдсэнээс болж, гэрээ мөстөхөөс өмнө гэрийнхээ тавилга, цахилгаан бараа, эд хогшлоо гэрээсээ гаргаж чадаагүй байна. Гэртээ амьдрах аргагүй мөстсөнөөс болоод ойролцоох түрээсийн байранд мөнгө төлөн амьдарч, байрныхаа цонхоор гэрээ харуулдан суудаг аж. Өдөр болгон ирж гэрийнхээ мөсийг лоомоор цохин, нүх гаргаж доторх усыг нь гаргахгүй бол хавар бүр хэцүүднэ гэж ярих иргэн М тус газраа 2014 онд есөн сая төгрөгөөр худалдан авчээ.