Сомалийн хойгт нөхцөл байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Сомалийн хойгт нөхцөл байдал хүнд байна

Африкийн Сомалийн хойгийн улсуудад ган гачгийн аюул дээд цэгтээ нүүрлэжээ. Энэ онд Сомалид сүүлийн 60 жилд тохиогоогүй ган болсны улмаас арван сая гаруй хүн өлсгөлөнгийн ирмэгт тулж, Кени, Сомали, Этиоп, Уганда зэрэг улсын хэдэн мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд ороод байгаа талаар НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас мэдэгджээ. Одоогийн байдлаар өдөр бүр насанд хүрэгч, хүүхэд нийлсэн 1300 орчим иргэд Сомалигаас харангадахын эрхэнд Кенийн зүүн хойд хэсэгт байрлах дүрвэгсдийн лагерыг зорьж байна. 

Гэвч эх нутгаа орхин харийн улсыг зорих иргэдийн хүүхдүүд замаасаа төөрөх, өлсч ундаасах, ядарч туйлдах зэрэг олон хүндрэлийг даван туулж арай ядан дүрвэгсдийн лагерьт очиж байгаа ч тэднийг эрүүл мэнд, аюулгүй байдлын ямар ч баталгаагүй нөхцөл угтан авч байна. Дүрвэгсдийн хотхоныг анх 90,000 хүний багтаамжтай байгуулсан ч, одоо Кенид дүрвэгсдийн тоо 350,000-аас хол даваад байгаа нь газар дээр нөхцөл байдал ямар хүнд байгааг илэрхийлэх хангалттай нотолгоо юм.

Дүрвэгсдийн асуудлаас гадна гангийн улмаас хүн болон амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Сомали дахь улс төрийн тогтворгүй байдал хурцдаж байна. Асуудлуудыг НҮБ-ын зүгээс онцгой анхаарч байгаа ч, тэр бүр дорвитой арга хэмжээ авч хүчрэхгүй байгаа ажээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж