Санал асуулгыг есдүгээр сарын сүүлийн ням гаригт явуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Санал асуулгыг есдүгээр сарын сүүлийн ням гаригт явуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр Сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай МАН-ын бүлгээс гаргасан саналыг Ардчилсан намын бүлгийн гишүүд дэмжсэн байна. Түүнээс гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг санал асуулгад давхар хавсарган явуулахаар шийджээ. Тусгаар тогтнолын асуудлаар 1945 онд явуулснаас хойш анх удаа ард нийтийн  санал асуулга хийх гэж байгаа нь энэ юм.

Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлыг санал асуулгад ямар томъёоллоор багтаах талаар ажлын хэсэг байгуулж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Үндсэн хуулийг анх батлалцсан хүний нэг болох Сангийн сайд С.Баярцогт нарыг бүрэлдэхүүнд нь оруулахаар болжээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа мөн оны наймдугаар сарын 18-нд тухайн үеийн Ардчилсан нам, МАХН-ын зөвшилцөл болж хамтран хийхээр төлөвлөсөн 10 ажлын тав нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байсан гэдгийг Ч.Сайханбилэг дарга эргэн санууллаа. Уг асуудлаар сүүлийн 2-3 жил ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм байна.

Санал асуулгыг есдүгээр сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт орон даяар нэгэн зэрэг явуулах бөгөөд намрын чуулганы нээлт болох аравдугаар сарын 3-ны үед санал асуулгын дүн гарсан байхаар төлөвлөжээ. Ингээд аравдугаар сарын эхээр Сонгуулийн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдэж болно хэмээн тооцоолжээ. Санал асуулга явуулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барих аж. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр дэмжсэнээр хуль хүчин төгөлдөр болно.

Санал асуулгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай зардал гарч, бас нэг хэлбэрийн сонгууль болох гэж байна. Зардлыг СЕХ тогтоож УИХ-д санал тавих аж. Тэндээс зардлын тоо хэмжээг батлан төсөвт суулгах юм байна. Мөн СЕХ есдүгээр сарын сүүл гэхэд санал тооллогын автоматжуулсан төхөөрөмж авч тавьсан байх ёстой болж байна.

Хоёр намын бүлгийн зөвшилцлийн ажлын хэсэг таван асуудал дээр тохироод байгаа гэдэг ч ямар асуудал гэдэг бүрхэг байсан. Тэдгээр нь санал хураалтаар хүнийг сонгох уу, намыг сонгох уу, холимог тогтолцооны хувь харьцаа тэнцүү байх уу, мажоритар, пропорционалийн аль нэг нь давамгайлах уу, эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн тусгах зэрэг асуудал байсан байна. Харин дэлгэрэнгүй мэдээллийг зөвшилцөл хараахан дуусаагүй байгаа тул өгөх боломжгүй гэлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлтээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох эсэх, Их Хурлын гишүүн хүн нэг сумын сургуулийн асуудал ярих уу, нефть боловсруулах үйлдвэр зэрэг улсын чанартай асуудалд анхаарах уу, 2000 хүнтэй суманд анхаарах уу, нийт 2,7 сая хүний асуудалд санаа тавих уу гэх зэргийг шийдэх бөгөөд үүнийг иргэдээсээ асууж шийдье гэж Ардчилсан намын гишүүд үзжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж