Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Монгол Улс анх удаа нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан билээ. Энэ нь нефть боловсруулах үйлдвэр барихаар олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй байсаар өнөөг хүрсэн үед “чимэгтэй” мэдээнд тооцогдсон. Харин байршлын хувьд Бор-Өндөрийн нутагт барих нь эдийн засгийн үр ашигтай хэмээн үзэж 2.5 сая тонн шатахууны хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон.
Монгол Улсын хувьд нефтийн салбарт ахиц гарахуйц үйл явдал тохиож буй энэ үетэй зэрэгцэн өнөөдөр “Газрын тос ба Монгол Улсын эдийн засаг” олон улсын хурал болж байна. Хуралд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Аргус медиа” компанийн ахлах шинжээч Анастас Гатунок тэргүүтэй албаныхан оролцож байна.