Монгол Улсын мах бэлтгэгч есөн компани БНХАУ руу Мах экспортлох хүсэлт гаргасан. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын хамтарсан шинжээчид урд хөрш рүү мах экспортлох сонирхолтой “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Хүн Од” зэрэг есөн компанийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтад эхний ээлжид “Завхан Хүнс”, “Мон Тува”, “Монгол эко мийт Хөвсгөл мах маркет” гэсэн гурван компани тэнцэж, БНХАУ руу мах экспортлох эрхтэй болсон байна. Монгол, Хятад хоёр улсын шинжээчид Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудыг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж нэрлээд дээрх аймгуудаас бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлохыг БНХАУ-ын тал зөвшөөрчээ.