Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажиллалаа. Энэ үеэр Ерөнхий сайд өдөрт 15-20 мянган зорчигч үйлчлүүлдэг, 22 ачаа тээврийн вагон, 20 зорчигч тээврийн вагон дамжин өнгөрдөг Улаанбаатар төв вокзалын барилгыг шинэчлэн, засварласан ажилтай танилцсан юм. Францын архитекторын хэв маягийг харуулан чулуун багана, сандал, шалтай болгон засварласан шинэ үйлчилгээний танхимуудыг төв вокзалд байгуулжээ. Улаанбаатар төмөр зам энэ засварт 245 сая төгрөгийг зарцуулж, валют солиулах төв, эмийн сан, “Duty free”, зорчигч галт тэргээ хүлээхдээ саатах Уран зургийн галерей, уншлагын танхимыг шинээр бий болгосон байна. Одоогоос төв вокзалыг Улаанбаатарын төмөр замын зорчигч үйлчилгээний буудал гэж нэрлээд, хажууханд нь буюу 1000 автомашины зогсоолын газарт шинээр Монгол Улсын төмөр замын вокзалыг барихаар төлөвлөжээ.