Хойд бүсийн шүүх, захиргааны ажилтнуудын сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Хойд бүсийн шүүх, захиргааны ажилтнуудын сургалт болж байна

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээс хамтран “Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт”-ыг хойд бүсийн шүүхүүдийн туслах ажилтнуудын дунд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Дархан-Уул аймагт Булган аймгийн Сум дундын шүүх, Орхон аймгийн Сум дундын шүүх болон Сэлэнгэ аймгийн I, II, III сум  дундын шүүхийн захиргааны ажилтнууд хүрэлцэн ирээд байна. Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн хувьд өнгөрсөн оны амжилтаараа улсдаа тэргүүлж, хамгийн сайн менежменттэй шүүхээр нэрлэгдэж байсан юм. Тиймээс ч энэ өдөр Дархан-Уул аймагт ирсэн шүүхийн ажилтнууд нэн түрүүнд шүүхийн үйл ажиллагаа, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлээд байгаа үйлчилгээнүүдтэй танилцлаа. Түүнчлэн энэ сургалтыг “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” эрх зүйн соёлын аяны хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог гэж тус аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оч онцолсон юм. Уг сургалтад хамрагдаж буй төлөөлөгчид Дархан-Уул аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа харилцан туршлага солилцлоо. Сургалтын явцад хойд бүсийнхэн шүүхийн мониторингын тухай, хэрхэн мэргэшсэн шүүхийн захиргааны албан хаагч болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах бөгөөд шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч эрх зүйн аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар харилцан мэдээлэл солилцох ажээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж