Энэ хүнийг С.Батмөнх гэдэг. Тэрбээр Архангай аймгийн Чулуут сумын малчин. С.Батмөнх гуайн хувьд гэр бүлийн хүн Д.Оюунчимэгийн хамтаар зун, намаржин боловсруулсан цагаан идээгээ борлуулж, олсон хэдэн төгрөгөөрөө цагаан сарын бэлтгэлээ базаахаар нийслэлд иржээ. Тэд энэ удаад тонн гаруй цагаан идээтэй ирсэн байна. Энэ жил цаг агаар хүйтэрч, оройтож зун болсноос малчид ч цагаан идээ бага хураажээ. Гэхдээ л хэдэн малын буянд цагаан идээгээ борлуулж, сар шинийн баярынхаа бэлтгэлээ тов хийтэл базаачихна хэмээн тэд ярьж байна. С.Батмөнх гуайн хувьд малчны хотонд, өөрийн гараар боловсруулсан бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийнхээ сар шинийн идээг мялааж байдгаараа бахархдаг гэдгээ хэлсэн юм.
Архангайн Чулуут сум гэдэг ааруул, идээгээрээ алдартай нутаг учраас зах, худалдааны төвийнхөн ч байнга түншилж, дуртай авдаг гэлээ. Явуулын худалдаачид шиг гурилаар багсарчихсан, чанаргүй идээ болов уу гэж айх зүйлгүй учраас С.Батмөнх гуайн боловсруулсан идээг байнга худалдаж авдаг гэдгээ Бөмбөгөр худалдааны төвийн цагаан идээний тасгийнхан хэлсэн юм.