Ажлын цаг дөнгөж эхэлсэн хэдий ч Баянгол дүүргийн татвар дээр хөнгөлөлтөө эдлэх гэсэн иргэд аль хэдийнээ дугаарлажээ. Бүгчим өрөөнд дугаараа хүлээсэн иргэдэд бүгд гар утсаа ширтээстэй. Хэдэн арав, хэдэн зуун хүний ард дугаараа дуудахыг хүлээх иргэдийн хувьд гар утас л “цаг хурдлуулагч” болж байх шиг. Жил бүрийн эхэнд татварынханд бөөн ачаалал нэмэгддэг. Энэ жил Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж байгаа, НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн гээд дүүргүүдийн татвар хөл тавих зайгүй пиг.
Жил бүрийн хоёрдугаар сарын 15 хүртэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд харьяа татварынхаа хэлтэст, шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж өгдөг уламжлалтай. Жил ирэх бүр шинэ орон сууц худалдан авсан, байшин барьсан, оюутныхаа сургалтын төлбөрт төлсөн мөнгөнийхөө тодорхой хувийг авах иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд нийт 71 мянган 493 иргэн, 44.1 тэрбум төгрөгийг төлсөн татвараасаа буцаан авсан байна. Харин энэ жил ойролцоогоор 82 орчим мянган иргэн татварын хөнгөлөлт эдлэх урьдчилан тооцоолол гарчээ.