Чингисийн талбайд өнгөрөгч 11 дүгээр сараас эхлээд нэг сарын турш дуугүй суулт зарласан Б.Бундхорол хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр маргаашнаас эхлэн тэмцлийн хоёр дахь хэлбэрт шилжих гэж байгаа гэв. Түүний хувьд өнөөгийн улс төр, эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлын эсрэг эрх баригчид дорвитой ажил хийж чадахгүй байгааг шүүмжилж ийн тэмцэж эхэлжээ. Талбай дээр сарын турш чимээгүй суулт хийсэн ч зарим нэг жижиг намын төлөөлөгчид ирж уулзсанаас өөрөөр дорвитой үр дүнд хүрээгүй байна. Тиймээс маргаашнаас зөвхөн Чингисийн талбайгаар зогсохгүй нийслэл, аймаг, сум даяар явж 100 мянган хүний гарын үсэг цуглуулахаар болжээ. Ингэхдээ УИХ-д орж, сонгогдсоноос хойш үүрэгт ажлаа хийж чадаагүй, эдийн засаг, нийгмийн салбарт дорвитой ажил хийгээгүй муу гишүүдийн нэрсийг иргэдээс авч гарын үсэг цуглуулах юм байна.