УИХ-ын дарга З.Энхболд Барилгын коллежийн төгсөх ангийн оюутнуудтай уулзаж, барилгын салбарт хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр барилгын салбарын хөгжилд ипотекийн зээлийн үүрэг өндөр гэдгийг онцолсон юм. Тухайлбал, 1921-1990 оны хооронд 100 мянган өрх л орон сууцтай болж байсан бол ипотекийн зээлийг хэрэгжүүлснээр жилд 25 мянган өрх байртай болсныг онцлов. Мөн 2000-2012 онд жилд 367 мянган м2 орон сууц шинээр ашиглалтад ордог байжээ. Харин ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн 2013-2015 онд нэг сая 322 мянган м2 орон сууц ашиглалтад орсон гэв. З.Энхболд “Ипотекийн зээл зөвхөн барилгын салбараас гадна эдийн засаг, ажлын байр, дотоодын үйлдвэрлэл, инфляци, эдийн засаг гээд олон салбарт эерэг үр нөлөөтэй байсан хэмээн онцлов.
Энэ үеэр Барилгын коллежийн оюутнууд цаашид ипотекийн зээл үргэлжлэх үү гэх асуултыг ихээр тавьж байв. Тэрбээр найман хувийн хүүг таван хувьд шилжүүлэх эрхзүйн орчин цагаан сарын өмнө “ногоон шугамаар” батлагдана гэж харж байгаагаа хэллээ. Ингээд цагаан сарын дараагаас иргэд бага хувийн хүүтэйгээр орон сууцтай болох боломж бүрдэнэ гэж харж байгаагаа ч дуулгасан юм.