Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч Г бусдад зодуулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ний өдөр гарчээ. Талийгаач хүүгийн төрсөн эгч нь энэ хэргийн талаар хэвлэлийнхэнд мэдээлжээ. Хэргийг тодруулбал өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур талийгаач Г нь сургуулийнхаа Ж гэгчийн утсыг бусадтай нийлж, дээрэмдсэн. Улмаар дээрэмдүүлсэн гэх Ж, аавтайгаа нийлж талийгаачийг ногоон өнгөтэй “Истана” маркийн машинаараа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хөөж барин, толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, цагдаагийн байгууллагад хүргэж өгчээ. Улмаар хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч н.Өлзийжаргал шалгаж, талийгаачаас байцаалт авч эхэлсэн байна. Гэхдээ цагдаа талийгаачийн биед халдаагүй гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ. Ингэхдээ тухайн үеийн мөрдөн байцаалтын явц, баримт нотолгоо болон камерт бичигдсэн. Шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд цацна гэлээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Г нь баруун тархиндаа цус харвалттай, чихний хойд хэсгийн яс цууралттай гэж гарсан байна. Улмаар талийгаачид гар хүрсэн гэх дээрэмдүүлж хохирогч болсон Ж-ийн аав Б-г цагдаагийнхан сэжигтнээр татаж, цагдан хорьсон байна.