Энэ сарын 25-наас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сарын аянг НОБГ-аас эхлүүлж байна. Энэ хүрээнд онцгой байдлын алба хаагчид нийслэлийн бүх дүүрэг, хороонд, ялангуяа гал түймрийн өндөр эрсдэлтэй гэр хорооллын өрх, дотуур байр, нийтийн байр, худалдаа үйлчилгээний төв зэрэг газруудад хуваарийн дагуу очиж гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, галын аюулгүй байдлыг нь хангаж ажиллахаар болжээ. Мөн аяны хүрээнд хийж буй томоохон ажил нь бага насны хүүхдийг галын аюулаас сэргийлэх хүрээнд эцэг, эхчүүдэд ч мэдээлэл хүргэх явдал юм. Ялангуяа энэ аян нь сурагчдын амралт эхэлсэн үетэй давхцаж буйгаараа үр дүнтэй гэж тэд үзэж байна.
2015 оны 12 дугаар сар гарсаар гал түймрийн улмаас бага насны зургаан хүүхэд амиа алджээ. Эдний ихэнх нь бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй гэрт нь орхих, гэр орондоо согтуурсан үедээ хүүхдээ хайхрамжгүй орхих, үнс нурмаа ил задгай хаясан, зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаагүй, утаагүй зуухны аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй зэргээс үүдэлтэй юм байна. Тиймээс хүйтний улирал, галлагааны цаг ирсэн, дээрээс нь сурагчдын амралт давхацсан энэ өдрүүдэд анхаарал болгоомжоо хэд дахин нэмэгдүүлэхийг мэргэжлийн байгууллагын зүгээс ард иргэдэд анхааруулж байна.