Монгол Улс 2011 онд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, харин 2014 онд “Шилэн дансны тухай” хуультай болсон билээ. Тэгвэл энэ хугацаанд төрийн байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хэрхэн хангаж байгаад “IRIM” хүрээлэн, “Transparency International-Mongolia” байгууллагаас судалгаа явуулжээ. Энэ судалгаагаар төрийн байгууллагууд мэдээллээ тайлагнах, иргэдэд мэдээлэх байдал нь нэмэгджээ. Тухайлбал, 2010 онд төрийн байгууллагуудын цахим хуудас дахь мэдээллийн ил тод байдал 27 хувьтай байжээ. Харин энэ онд 52 хувь болж өссөн байна.
Судлаачид “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал”, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийг судалжээ. Ингэхдээ төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдалд анализ хийсэн байна. Судалгаанд төрийн 85 байгууллагын цахим хуудсыг хамруулжээ. Гол нь төрийн байгууллагуудын сайт дахь мэдээллийн ил тод байдалд анализ хийхдээ мэдээллийн холбоотой байдал, найдвартай юу, цаг үеийн үү, цахим хуудас нь хүртээмжтэй юу, хэрэглэхэд хялбар уу гэдгээр нь дүгнэжээ. Цахим сайтынхаа мэдээллийн ил тод байдлаар Сангийн яам тэргүүлсэн байна. Харин хоёрдугаарт Сонгуулийн ерөнхий хороо, гуравдугаарт Зам тээврийн яам орсон байна. Судалгаагаар есөн байгууллага мэдээлэл нь хаалттай, 16 байгууллага ил тод гэсэн үнэлгээтэй бол бүрэн ил тод байгууллага байхгүй гэх үр дүн гаргажээ.