Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан Математикийн улсын III уралдааныг энэ сарын 08-13 ний өдрүүдэд Олонлог төв сургуулиас гурав дахь удаагаа зохион явуулжээ. Харин өчигдөр буюу Ням гаригт олимпиадын аварга болсон шилдэг математикчдад шагналыг нь гардууллаа. Анх 2011 онд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойд зориулан тус уралдааныг Олонлог төв сургуулиас зохион байгуулсан байдаг. Хоёр жилд нэг удаа явагддаг уг олимпиадад энэ жил нийт ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн 2000 гаруй сурагч оролцож, оюун ухаанаараа уралдсан байна.
Тус математикийн уралдаанд өмнө нь зөвхөн Улаанбаатар хотын сурагчид оролцдог байсан бол энэ удаад Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Дархан зэрэг аймгуудаас 130 гаруй хүүхэд ирж, оюуны шандсаа сорьж, өрсөлдсөн байна. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Чингэлтэй дүүрэг, Боловсрол соёл шинжлэх ухааны яам ажиллажээ.
Жил ирэх бүр тусгаар тогтнолын улсын уралдааны агуулга, цар хүрээ, зохион байгуулалтын хувьд дээд түвшинд хүрснийг Олонлог сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Б.Баясгалан онцолж байлаа. Энэ удаагийн Математикийн улсын III уралдаан нь 13 ангиллаар явагдаж 35 алт, 70 мөнгө, 103 хүрэл медалийн эзнийг тодруулсан байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ