&#34Рио Тинто&#34-д хувь өгнө

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

&#34Рио Тинто&#34-д хувь өгнө

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон “Рио-Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компани хооронд байгууллаа. Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авах бөгөөд Рио-Тинто санхүүжилтийн баталгааг хариуцан, даажээ. Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6% байхаар тогтжээ. Анх 4.2 тэрбум ам.долларыг босгоно гэж байсан ч 4.4 тэрбум доллар болж өссөн байна. Үүний 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдах юм. Далд уурхайн санхүүжилтэд нийт зургаан тэрбум доллар шаардлагатайгаас 4.4 тэрбумыг ийнхүү олон улсын санхүүгийн байгууллага, банкуудаас босгож байгаа бол үлдсэн 1.6 тэрбум долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Харин Оюутолгой болон “Туркойз Хилл Ресурс”  компаниуд нь жил болгон олборлолтынхоо 2.5 хувийг “Рио-Тинто” компанид өгөх юм байна. Үүний 1.9 хувийг Оюу-Толгой, 0.6 хувийг “Туркойз Хилл Ресурс”  компани гаргана.

 

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оны эхний хагас жилд эхлэх төлөвлөгөөтэй байна. Уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр урьдчилан тооцоолжээ. Товчхондоо хүдрийн орд руу нэвтрэх 200 километр туннел 5-7 жилийн хугацаанд баригдах юм.  Мөн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана. Ингэхдээ өмнө нь тус уурхайд ажиллаж байсан залуу боловсон хүчнээ буцаан авна гэсэн тайлбарыг Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлж байна.  Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж