Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Бид жилийн 365 хоногт хэдэн ч баяр тэмдэглэж өнгөрүүлдэг юм бэ дээ. Эхнээс нь тоолж байгаад тоогоо алдчихаад байх юм. Одоо хамгийн ойр байгаа баяр бол үндэсний их баяр наадам. Энэ баяраар бөх барилдаж, сур харваж морь уралдуулж, шагай харвана. “Баяр утгаа алдлаа” гэчихвэл толгой хага цохих гэнэ биз. Харин бөхийн барилдааны бай шагналын асуудал бол утгаа алдаж байна. Хэдэн бүдүүн, шалдан нөхөр гарч ирээд л жижиг биетэйгээс нь түүвэрлэж, амлаж авч барилдаад түрүүлчихэж бай­гаа юм. Түрүүлнэ ч гэж дээ. Хурд хүч, авхаалж самбаа, гоё сайхан зүйл юу ч байхгүй. Зүгээр л утга учиргүй мөргөлдөж зогссоор байгаад хэн шантарсан нь унаж, шантраагүй нь давдаг юм даг уу даа. Тэгээд барилдаад давсан хүнийг нь начин, харцага, заан, гарьд, арслан, аварга гэж цоллоод л, сонион сонин. Түрүүлсэн хүнд нь 15 сая төгрөг өгнө ч гэх шиг. Морьны тухайд бүр ч ичмээр. Яасан ч үйлтэй адгуус гэхээрээ эм тариагаар бөмбөгдүүлээд байдаг юм, бүү мэд. Би хувьдаа ойлгодоггүй юм. Тэгээд түрүүлсэн моринд таван сая төгрөг өгнө ч гэх шиг. Гэтэл унаж түрүүлгэсэн хүүхэд унадаг дугуйгаар шагнуулж ч байх шиг. Үнэн хошин. Тэр хөөрхий адгуусын хоолыг сойж, өлсгөж тамлаад хурдан давхиулж хөлсөөр нь усанд оруулаад, хөлс нь хатаад ирэхийн үед нь хулсаар хуссан нэг нөхрийг Манлай, тод, алдарт уяач гээд л гуншин өгчихөж байгаа юм даа. Амьтны эрх ашгийг хамгаалдаг ТББ-тай улсад бол энэ тамлаач нөхдүүд шоронд сууж байхгүй юу. Даанч энэ бол Монгол Улс шүү дээ. Дараагийн наадам нь сурын харваа. Дээл өмсөөд ханцуйгаа ширээр хирж байгаад л үзэж тарна. Тэгээд нум сум бариад л өрж тавьсан лаазархуу хасааг онож байгаа юм. Энэ жилийн хувьд түрүүлсэн харваачийг дөрвөн сая төгрөгөөр байлна гэж байна лээ. Ер нь яасан гэж ийм үзүүлбэр үзүүлсэн хүмүүсийг байр эзлүүлж шагнаад байгааг үл ойлгоно. Энэ олон бай шагналын мөнгөөр хэчнээн хүн хоол идэх бол. Хэдэн жижиг дунд бизнес эрхлэгч зээл авч бизнесээ өргөтгөх байсан бол. Хамгийн гол нь Эрийн гурван наадмын нэг төрөлд нь л эмэгтэй хүн оролцдог бөгөөд, үлдсэн төрлүүдэд нь эмэгтэй хүн оролцох ямар ч боломж байхгүй. Нэг ийм л баярыг бид улсын төсвөөс тэрбумаар нь мөнгө гаргаж тэмдэглээд байгаа юм даа. Гол нь энэ спорт нь хөгжихгүй нэг хэвэндээ байгаад байдаг юм. Энэ л асуудал даа.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж