Гацууртын ордыг стратегийн ордод оруулж, төрийн хувь эзэмшилтэйгээр хамтран ажиллах шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч нөгөө талаас Ноён уулыг улсын хамгаалалтад авах асуудал яригдаж одоогоор хэрхэх нь тодорхойгүй, УИХ-аар хэлэлцүүлэхээр хойшлогдсоор байна.
Нөхцөл байдал ийм үед иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж, энэ хугацаанд Гацууртын орд дээр амиа алдсан гурван хүний үхэлд төр засаг, “Сентерра Гоулд” компанийг буруутгаж байна. Учир нь иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Гацууртын ордыг зүгээр нэг нинжа нар ухаагүй гэх хардлагыг аль хэдэн сарын өмнөөс тавиад байгаа юм. Харин өнөөдрийн мэдээлэлдээ “Гацууртын ордод олборлолт явуулж байгаа хүмүүс зүгээр нэг нинжа нар биш, зохион байгуулалттай бүлэг. Учир нь “Сентерра Гоулд”-ын ухсан нүхнээс баяжмал гаргаад түүнийгээ хоёр тээрэм дээр тээрэмдэж байна. Зүгээр нэг нинжа нар бүхэл бүтэн хоёр тээрэм дээр очоод албан ёсоор тээрэмдлэг хийх эрх огт байхгүй. Энэ мэт “Сентерра Гоулд”-ын гаргасан зохион байгуулалттай бүлэг энд ажиллаж байна гэх хардлага төрөхөөр байна” гэв.